• Нүүр
  • Мэдээний өрөө
  • 3 болон 10 настай охины асран хамгаалагч тогтоох асуудлыг Хэнтий аймаг руу шилжүүлж байна гэв

3 болон 10 настай охины асран хамгаалагч тогтоох асуудлыг Хэнтий аймаг руу шилжүүлж байна гэв

Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн хүн амины ноцтой хэрэг үйлдсэнээр 3 болон 10 настай охид ээжийгээ алдсан. Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчийг тогтооход хүндрэл үүссэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлсэн. Энэ талаар бид Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайхаас тодрууллаа.

Тэрээр “Асран хамгаалагч тогтооход ямар нэгэн асуудал үүсээгүй. Асран хамгаалагч тогтоох асуудлыг Хэнтий аймаг руу шилжүүлж байгаа. Тэд үндсэн харъяаллаараа Хэнтий аймгийн харъяат учраас Гэр бүлийн тухай хуулиараа болон Нийгмийн халамжийн хуулиараа үндсэн харъяаллын дагуу асуудал яригдана. Дүүрэг дээр байгаа төрийн байгууллагууд эрх зүйн хувьд ямар нэгэн асуудал шийдвэрлэх боломжгүй гэсэн үг. Хэнтий аймгийн Засаг дарга асран хамгаалагч тогтоох захирамжаа гаргана. Харъяа сумууд нь дүгнэлтээ гаргаж, хамтарсан баг нь хурлын тэмдэглэл зэргээр тал бүрээс нь хэлэлцэж байж асуудал Хэнтий аймагт шийдэгдэнэ" гэв.

"Охидын аав болох П.Сувданхуягийг нь асран хамгаалагчаар тогтооход асуудал үүссэн. Учир нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх мэдээлэл явж байна. Энэ үнэн үү" хэмээн асуухад "Энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээлээ. Түүнчлэн Нас барсан ээжийнх нь тал асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтэй байгаа нь үнэн эсэхийг асуухад "Нарийн мэдээлэл хүүхэд, гэр бүлийн хувийн нууцлалтай холбоотой учраас одоо мэдээлэл өгөх боломжгүй байна. Бүх мэдээллээ Хэнтий аймаг руу шилжүүлж өгч байгаа. Тэмдэглэл болон бүх холбогдох мэдээллүүдээ шилжүүлж өгч байгаа гэсэн үг" гэлээ.