• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хужирбуланд баавгай айл руу халдсан хэргийг шалгаж, баавгайг эрэн хайж байна

Хужирбуланд баавгай айл руу халдсан хэргийг шалгаж, баавгайг эрэн хайж байна

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн орчимд баавгай айл руу дайран орж, нэг иргэний аминд хүрсэн харамсалтай үйл явдал боллоо. Энэ талаар Цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээлэл өгсөн юм.

Мэдээлэлд дурдсанаар, 08:00–08:30 цагийн орчимд тус дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Баавгай гэр рүү дайрлаа" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу хэргийн газарт шуурхай очиж ажиллахад баавгай айлд халдаж, 40 гаруй насны эмэгтэйг  гэмтээж, 55 орчим насны эрэгтэйн амийг хохироосон нөхцөл байдал тогтоогджээ.

Эмэгтэй баавгайн халдлагаас зугтан гарч чадсанаар амьд үлдсэн бөгөөд одоогоор эмнэлгийн байгууллагын тусламж, эмчилгээнд хамрагдаж байна. Харин нас барсан иргэн нь гэрээсээ тодорхой зайд олдсон бөгөөд хэргийн газрын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөн цахим орчинд "Бага насны хүүхэд хохирсон" гэх мэдээлэл цацагдсан нь ташаа бөгөөд тухайн айлд бага насны хүүхэд байгаагүй, мал малладаг насанд хүрсэн хоёр иргэн байсныг цагдаагийн байгууллагаас тодотгов.

Байгаль орчны газраас ирүүлсэн мэдээллээр энэ он гарсаар баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн, ойртсон 597 удаагийн тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. Одоогоор цагдаагийн байгууллага, Нийслэлийн Байгаль орчны газар болон бусад холбогдох албаныхан хамтран тухайн баавгайг эрэн сурвалжлах, аюулгүй болгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Түүнчлэн орон нутаг, суурьшлын бүсийн ойролцоо аюултай нөхцөл байдал үүсээд байгаа тул иргэдэд анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.