• Нүүр
  • Мэдээний өрөө
  • А.Гонгор: Хаан ч, хатан ч, харц ч баярладаг хамаг олны тэгш дүүрэн баяр бол цагаан сар

А.Гонгор: Хаан ч, хатан ч, харц ч баярладаг хамаг олны тэгш дүүрэн баяр бол цагаан сар

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярын энэ өдөр цагаан сарын ёс уламжлалын талаар Монгол Улсын Зөвлөх багш А.Гонгортой ярилцсанаа хүргэж байна. 

- Сайн байна уу? Сайхан шинэлж байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. 

- Сайн байцгаана уу. Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Урианхай ястан Аюушийн Гонгор гэж хүн байна. Монгол Улсын зөвлөх багш, Боловсролын тэргүүний ажилтан, Урианхай сурын спортын мастер зэрэгтэй.

- Таны хувьд багш мэргэжилтэй. Хаана багшилж байсан бэ. Хэзээ Их Сургуулиа төгссөн бэ?

- Миний хувьд боловсролын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагад 40 орчим жил ажилласан. Ховд аймгийн Дарви суманд анх томилогдон очиж ажлынхаа гарааг эхлүүлж байлаа. Дарви суманд 1960-аас 1965 оны хооронд төрсөн хүүхдүүд бүгд надаар хичээл заалгасан. Одоо Дарви сумыг тэр чигээр нь миний шавь нар удирдаж байна. Дараа нь 1978 оноос Баян-Өлгий аймгийн төвийн 2-р 10 жилд хичээлийн эрхлэгчээр хэсэг ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд өөрийн хүсэлтээр багшаар очиж ажилласан. Цэнгэл суманд 20 жил багшилсан. Одоо Цэнгэл сумын засаг даргаас эхлээд байгууллагын сахиул хүртэл бүгд надаар хичээл заалгасан миний шавь нар байдаг. 

- Танай гэргий бас багш уу? Хүүхдүүдээс нь бас багшилж байгаа юу?

- Тийм ээ. Эхнэрийг маань Ш.Гочоосүрэн гэдэг. Мөн Монгол хэл, уран зохиолын багш. Манай хүн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат. Улсын багшийн их сургууль төгсөөд 1980 оноос хойш Боловсролын салбарт 35 жил ажилласан. Дээр нь манай хүн чинь Монголын залуучууд илгээлт өвөртөлж эх орны социалист бүтээн байгуулалтын салбарт, тэр дотроо барилгын салбарт илгээлт өвөрлөж гарч явж байсан залуучуудын түүчээ хүн. Анхны илгээлтийн эздийн нэг. Тийм бас ховор намтартай хүн. Бид дөрвөн охинтой. Манай хүүхдүүдээс хоёр нь багш. Хоёулаа Боловсролын тэргүүний ажилтан, хоёулаа төрийн өндөр шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж шагнуулсан. Нэг охин Вьетнам улсад хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжлээр, ноос ноолуурын чиглэлээр инженерийн мэргэжил эзэмшсэн. Ноос ноолуурын салбарт 20 орчим жил ажиллаж байна. Одоо Вьетнам улсын элчин сайдын яаманд ажилладаг. Мөн дараагийн охин маань Анагаах Ухааны Их сургууль төгссөн, нийслэлийн Баянгол дүүргийн 40-р сургуульд сургуулийн эмчээр ажилладаг.

- Танайд цагаан сараар зочид их ирдэг үү?

- Цагаан сараар зочид их ирнэ. Миний хувьд ах дүү нар дотроо хамгийн ахмад нь болсон. Тийм болохоор ахмад хүнтэй золгохоор ах дүү, хамаатан садан маань их ирнэ. Түүнчлэн танил тал, найз нөхөд ирнэ. Тэгээд дээр нь шавь нар ирнэ. Мөн хүүхдүүдийн шавь нар гээд ирнэ. Миний хувьд хойморын сандал дээр таван хоног хөдөлгөөнгүй суудаг шүү дээ /инээв/.

- Цагаан сар таны хувьд ямар утга бэлгэдэлтэй баяр вэ?

- Миний хувьд Монголчуудын хамгийн хүндтэй баяр бол цагаан сар гэж боддог. Цагаан сар яагаад хамгийн хүндэтгэлтэй баяр вэ гэхээр Монголчууд жилдээ ганц удаа золгодог. Ах дүү, танил тал, найз нөхөд, шавь нар уулзаж жилдээ нэг удаа золгодог нь сайхан. Өөрөөр хэлбэл уулзана гэсэн бүх хүнийг жилд нэг удаа цуглуулж чаддаг баяр бол цагаан сар. 

- Таны хувьд Урианхай ястан. Тэр утгаараа Урианхайчууд сар шинэдээ хэрхэн бэлтгэдэг, хэрхэн шинэлдэг ёс заншлаас хуваалцаж болох уу?

- Цагаан сар бол Монголчуудын уламжлалт баяр бөгөөд нэг сарын өмнөөс бэлдэж эхэлдэг чухал ёс уламжлалтай баяр. Харин манай Урианхайчуудын хувьд бэлтгэл ажил бусад ястнаас арай өөр. Битүүний өдөр морин цагт "балин" барьдаг. Балин гэдгийг газар газарт янз бүрээр нэрлэдэг л дээ. Зарим газар “баян” гэж нэрлэдэг. Зарим газар "индэр", "эндэр" гэж нэрлэнэ. 

Бидний хувьд битүүний өдрийн морин цагт “Балин” босгоно. Тэгээд балиндаа шинийн нэгний өглөө ургахын улаан нар мандахаас өмнө очиж гал асаана. Улмаар арц хүж, хонины өвчүүг галдаа өргөдөг. Нэг ёсондоо галаа тахиж байна гэсэн утгатай ёслол. Балинд дөрвөн зүг рүү гурав гурваар 12 сангийн суурь бэлтгэж тавьдаг. Урд талд нь “Их сан” хэмээн тусгай бас нэгэн сангийн суурь тавьдаг. Ингээд нийтдээ 13 сан болдог. 13 сантай Алтай гэж Урианхайчууд бэлгэддэг. Шинийн нэгний өглөө зөвхөн эрчүүд балин дээрээ гардаг. Ингэхдээ 13 сангийн суурин дээр сангаа үүсгэж, арц хүжээ уугиулан идээ будаагаа өргөөд залбирдаг. Ингэхдээ балингаа гурав тойрсны дараа Алтай хангайдаа ар гэр, үр хүүхдээ даатган залбирдаг. Залбиралдаа “Золгон ирж байгаа жил маань хаг гэх ханиадгүй, тог гэх томуугүй сайхан жил байж, элгэн олноороо эрүүл мэнд, энх тунх байх болтугай” хэмээн хангай дэлхийдээ залбирч аврал хүслээ хэлдэг уламжлалтай.

Түүнчлэн битүүний өдөр “битүүлэг” гэж хийнэ. Битүүний өдөр идээ будаа бүх юмаа засаад жин тан болсны дараа манай Урианхайчуудын хийдэг нэгэн өвөрмөц ёс заншил бол “чөмөг таших” байдаг. Энэ уламжлалаар дунд чөмөг ташдаг бөгөөд хамгийн ахмад айлдаа залуучууд нь идээ будааныхаа дээжийг авч ирж цугладаг. Ийнхүү тухайн айлдаа цуглаад битүүлэх ёс хийнэ. Битүүлэх ёсонд чөмөг ташихад хэлдэг уламжлал болсон үгс ч байдаг. Цагаан сарын баярын хувьд хаан нь ч баярладаг, хатан нь ч баярладаг, харц нь ч баярладаг, бүгдээрээ тэгш жаргалтай баярладаг гэдэг утга илэрхийлсэн үг хэлдэг.

Жишээлбэл чөмөг ташихдаа

- "Хаан, хаан сонсов уу" хэмээн хаанд хандана. 

- "Сонслоо" гэх цаанаас. Тэр нь хааны хариулт болно. Харц хүн хаандаа хандаж хэлж байна гэсэн утгатай. Дараа нь “Хатан та чимээ сонсов уу" гэнэ. "Сонслоо" гэх цаанаас. Өөрөөр хэлбэл цаана хүлээн зөвшөөрсөн утга яваад байгаа юм. Энэ нь миний ч баяр, чиний ч баяр гэсэн утга агуулдаг.  

Түүнчлэн "Буурал жил гарав уу" хэмээн бүгдээс асууна. 

-“Гарлаа" гэж хариулна. Энэ нь хуучин он улирч байнаа гэсэн үг. 

- "Ботгон жил оров уу" гэнэ, Цугласан олон “Орлоо" хэмээн хариулна. Энэ нь хуучин он солигдож, шинэ он гарлаа гэдгийг бэлгэддэг заншил юм. Энэхүү утга санаагаар цагаан сарын баяр гэдэг бол хаан нь ч баярладаг, харц нь ч баярладаг, хамаг олны баяр гэдгийг илтгэж чөмгөө ташдаг. Улмаар “Жил сайхан орлоо. Хурай, хурай, хурай” гэцгээнэ. Ийм сайхан баяр гэсэн утга агуулгыг ердөө энэ хэдхэн үгэнд багтаад хэлдэг. Үүнээс үзвэл манай Урианхайчуудын үгийн санг их баялаг гэдгийг энэ жишээгээр харж болдог. 

 Түүнчлэн өмнө нь дурдсанчлан балиндаа гарч тэнгэр, хангайдаа залбирахдаа Монгол эх орноо бүхэлд нь багтааж хэлдэг сайхан үгс бас бий. Үүнд,

"Хөглөгөр их Алтай минь ээ

Хөвчин ногоон Хангай минь ээ

Охьюу номин тал минь ээ

Өргөн шаргал говь минь ээ…” хэмээн Алтай, Хангай, Говь, Тал хэмээн Монгол орноо бүхэлдээ багтааж хүсэл юугаа шивнэж, байгал эхдээ сүслэн залбирдаг. Тиймээс биднийг жилд нэг удаа байгаль эхтэй холбодог ийм сайхан ерөөл бэлгэдэлтэй баяр гэж би хувьдаа боддог. 

Сар шинээр золгохдоо Урианхайчууд шинийн нэгэнд аав ээж, ах дүү, ойрын төрөл садан, ахмадтайгаа золгодог. Шинийн хоёронд өөрөөсөө ахмад, хүндэлж явдаг айл өрхөөр орж золгодог. Түүнчлэн “цайнд дуудах” гэж нутгийнхан маань ярьдаг. Энэ нь цагаан сарынхаа идээ будаа амсаарай гэж урьсан ах дүүс, хамаатан садныхаа айл гэрээр зочлохыг хэлдэг. Харин Шинийн гурванд Урианхайчуудын уламжлалт тоглоом наадгай болсон Үндэсний сур харвааны өвөг харваа болох Урианхай сурын харвааг эхлүүлдэг. Монголд гурван төрлийн сурын харваа бий. Үүнд, Урианхай, Буриад, Халх сурын харваа багтдаг. Энэ гурван харвааны хамгийн өвөг буюу анхдагч харваа бол Урианхай сурын харваа. Ийнхүү шинийн гурванаас Урианхай сурынхаа харвааг эхлүүлж, айлууд залгамжлаад авч явдаг. Их өргөн дэлгэр, өндөр ачаалалтай харваа болдог. Яагаад гэвэл тухайлсан нэг айл харваачдад урилга өгч, гэртээ урин харваа зохион байгуулдаг. Ингэхдээ харвах талбай, хоол ундыг бэлтгэнэ Морь малынх нь өвс тэжээлийг хүртэл бэлтгэнэ гэх мэт оролцогчид, зочдынхоо тав тухыг хангадаг. Түүнчлэн Үндэсний их баяр наадам маань ч Урианхай сурын харваагаар эхэлдэг уламжлалтай 

- Битүүний өдөр Лхам бурхан айл өрх бүрээр айлчилдаг хэмээн бэлэгшээж, мөс тавьдаг уламжлал байдаг. Энэ ямар утга бэлгэдэлтэй байдаг талаар тайлбарлаж өгнө үү?

- Лхам бурханыг зочлон ирнэ хэмээн бэлгэшээж мөс тавьдаг уламжлал өнө эртнээс улбаатай. Монголчууд тотгон дээрээ гурван мөс тавьдаг хэмээдэг. Миний хувьд урианхай учраас ястны онцлог талаасаа тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу. Манай нутгийнхан ч мөн Лхам бурхан битүүний орой айлчлан ирнэ хэмээн бэлэгшээж мөс тавьдаг. Ингэхдээ баруун хаяандаа нойтон бургас хавчуулдаг. Бургасныхаа дээд талд мөс тавьдаг Харин зүүн хатавчиндаа өргөстэй харгана хавчуулдаг. Өргөстэй харгана дээрээ үхрийн нойтон аргал тавьдаг, Энэ нь хаалгаар ордог тал гэсэн үг шүү дээ. Энэ ямар учиртай вэ гэвэл Лхам бурхан битүүлж байгаа бүх айл өрхөөр нэг шөнийн дотор явж ордог гэдэг домог байдаг. Айл болгоноор орж “Энэ айл хэр зэрэг битүүлж байна, хэр зэрэг сайхан идээ будаагаа засч бэлтгэсэн байна” гэдгийг хардаг гэнэ л дээ. Мөс тавих уламжлал нь айлуудаар Лхам бурхан зорчих үед морь нь ундаалдаг. Харин баруун талдаа бургас тавьдаг нь зочин гэрийн баруун талд ирж мориноосоо бууж тухайн талд морио уядаг гэдгийг бэлгэддэг. Харин гэрийн зүүн талд өргөстэй харганыг үхрийн баас түрхэж тавьдаг нь чөтгөр өргөстэй харганаас үхтлээ айдаг. Үхрийн бааснаас маш их сэжиглэдэг учраас тухайн айл руу орж чаддаггүй гэж үздэг. Учир нь Лхам бурхныг айл бүрээр морилон явах үед чөтгөр зэрэгцэн явдаг гэж үздэг бөгөөд чөтгөрийн замд саад учруулахын тулд ингэж домнодог. Ийм домогтой бөгөөд одоо ч Урианхай айл бүр энэ уламжлалаа битүүний өдөр дагадаг. Манай гэр одоо ч энэ заншлаа хийдэг дээ. 

Мөн өмнө нь дурдсан “чөмөг таших” уламжлал давхар утга бэлгэдлийг агуулдаг. Чөтгөр Лхам бурхантай уралдаад, урд хойно нь гарч дайрч байх үед чөтгөрийн морины чөмгийг нь хугалж байгаа юм. Өөрөөр хэлбэл саатуулж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чөтгөр Лхам бурханаас хоцорч таарна. Тэгэж Лхам бурхантай зэрэгцүүлэхгүй, өмнө нь оруулахгүй, саад болохыг хичээдэг. Ийм утгаар чөмөг ташдаг ёсон бий.

- Та хэдий баруун Алтай нутгийн хүн ч гэсэн УБ хотод сууршаад 16 жил болсон байна. Нутгаа хэр санадаг вэ?

- Саналгүй яахав. Би жилд нэг удаа нутаг руугаа заавал явдаг. Жил алгасахгүй явна. Ай даа сайхан. Ялангуяа би зун явдаггүй юм. Намар очдог. Бусад хүмүүс яадаг юм мэдэхгүй. Намар зүүдэнд нутаг минь их орж ирдэг. Очмоор санагддаг. Ялангуяа намар нэг навчис сэржигнээд, ганц нэгээр газар унах үест… өвсөн толгой найгаад... нэг тийм намрын зураглал ороод ирдэг дээ. Нөгөө "Уяхан намар" гэдэг ч юм уу... Тэгээд ирэхэд л нутаг руугаа өөрийн эрхгүй явмаар болдог юм. Тэгээд бодоод байхад хүн, морь хоёр чинь яг нэг амьтай байгаа юм шүү дээ. Адуу хавар ногоонд цадахаараа нутаг руугаа гүйдэг. Намар өвсний сөл тасрах үед нутаг руугаа гүйдэг. Үүнтэй л адилхан бид нар чинь бас л яг хүн адуу хоёр нэг амьтай гэдэг шиг холбогдоод байдаг юм шиг санагддаг. Би намар... намар нутаг руугаа гүйдэг шүү дээ.

- Тийм шүү. Хүн нутагтайгаа хүйн холбоотой байдаг бололтой.

- Тийм шүү.

- Таны хувьд ахмад багш, олон мянган шавь төрүүлсний хувьд сүүлийн үеийн залуус өв соёлоо мэдэх, уламжлалаа хадгалж үлдэх нь яагаад чухал вэ?

- Их чухал. Сүүлийн үед зарим залуучууд бол “ингээд золгодог” гэж л мэдэж байна. Зүгээр ахмадууддаа очдог л гэж бодож байна. Ер нь бол би заримдаа бас ширүүхэн хэлдэг юм. Залуучууд, мөн дунд эргэм насны зарим нөхдүүд ч энэ сайхан өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэ сайхан өв уламжлалыг үр хойчдоо заагаад, сургаад, хэлээд өгөхийн оронд нэг их “их мэдэгч”-ийн дүр эсгэсэн нөхдүүд болсон юм шиг ажиглагддаг. Энэ байдал нь өв уламжлалыг өвлүүлэх гэхээс илүүтэй эсрэг утга илэрхийлж буруу тийш залдаг юм шиг санагдсан. Ер нь тэгээд өв уламжлалаа сэргээх, жинхэнэ утгаар нь авч явах үүрэг хүлээсэн хүмүүс нь бид нар байх ёстой. Өвлөж үлдэх үүрэгт улсууд нь залуус та нар байх ёстой. Гэвч залуус болон ахмадуудын хооронд том ангал, ан цав үүсчихсэн юм шиг санагддаг. Яагаад гэвэл залуучууд нь нэг янз юм ярина. Ахмадынхаа хэлж байгааг сонсохгүй, тэгээд чихнийх нь хажуугаар өнгөрнө. Тэгээд хөгшчүүдийнхээ хэлснийг хүлээж авахгүй болохоор ахмадууд нь бас өөр юм ярьж чичилнэ. Үүнд би их эмзэглэдэг. Миний хувьд аль болохоор л хэлж, зааж зөвлөхийг хичээдэг. “За миний хүүхдүүд ингээрэй, тэгээрэй. Ийм учиртай байдаг юм шүү” гээд. Бас багш хүний онцлог байх шиг байна. Тэгэхдээ энэ өв уламжлалыг хэн нэг хүн хэлж өгөхгүй бол, хэн нэг хүн зааж өгөхгүй бол аяндаа мартагдана. Мартагдахаар барахгүй гажуудна. Буруу тийшээгээ явна. Буруу юмыг зөв гэж ойлгоод тэр чигээрээ явчихвал бүр балаг болно. Тийм учраас зааж сургах, хэлж өгөх тал дээр ахмадууд их үүрэгтэй оролцох ёстой л гэж би боддог юм.

- Маш сонирхолтой өв уламжлалын талаар мэдэж авлаа. Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

- Баярлалаа, та бүхэн маань бас сар шинэдээ сайхан шинэлээрэй.