Google компани өөрийн албан ёсны "Google Maps Platform" блогтоо Монголын технологийн компани болох UBCab-ын амжилт, туршлагыг анх удаа онцлон нийтэллээ.
Дэлхийн сая сая хөгжүүлэгч, технологийн салбарынхны уншдаг платформоор Монгол компанийгонцлон танилцуулж, шилдэг туршлага (Case study) болгон зарласан нь манай улсын технологийн салбарын хувьд томоохон үйл явдал болж байна.
Google юу гэж онцлов?
Google-ээс Монгол орны цаг уурын эрсдэлтэй нөхцөлд технологийн шийдлээр иргэдийн амьдралыг хэрхэн хөнгөвчилж байгааг онцолсон байна. Нийтлэлд:
-
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн сорилт: Улаанбаатар хотод өвөлдөө -40 хэм хүрдэг учир иргэд гадаа такси хүлээж зогсох нь эрүүл мэнд, аюулгүй байдлын асар том эрсдэл болдог.
-
Иргэдийн өдөр тутмын хэрэглээ: Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 80 гаруй хувь буюу 1.8 сая иргэн UBCab-аар дамжуулан такси үйлчилгээ авдаг. Уг компани Google Maps-ийн Mobility технологийг ашиглан иргэдийг осгох, гадаа удаан хүлээх эрсдэлээс хамгаалж чадаж байгааг онцолжээ.
-
Технологийн ухаалаг шийдэл: Улаанбаатар хотын зарим хэсгийн хаягжилтын тодорхойгүй байдлыг UBCab өөрсдийн боловсруулсан хаягжилтын системээ Google Maps-тай хослуулан оновчтой шийдэж чадсаныг сайшаасан байна. Мөн монгол хэлээрх дуут чиглүүлэгчийг системдээ амилуулж, жолооч нарын аюулгүй байдлыг хангасныг онцолжээ.
Гарсан бодит үр дүн: Сар бүр 540 цаг хэмнэж байна
Google Maps Platform-ын бодит цагийн замын хөдөлгөөн дээр суурилсан "Routes API" болон "Navigation SDK" системийг нэвтрүүлснээр гарсан гол үр дүнгүүдийг дараах тоонуудаар онцоллоо:
-
Захиалга биелэлт 15%-иар өссөн: Жолооч нар бодит замын нөхцөлд тохирсон дөхөм маршрутаар дуудлага авах боломжтой болсон.
-
Хүлээх хугацаа 25%-иар багассан: Зорчигчдын такси хүлээх дундаж хугацаа 1 минутаар богиносон, улмаар сар бүр монголчуудын нийт 540 цаг хүлээх хугацааг хэмнэж байна.
-
Гомдол 30-40%-иар буурсан: Такси ирэх хугацаа тодорхой болсноор хэрэглэгчдийн сэтгэл ханамж эрс дээшилжээ.
Google-ийн онцолсноор UBCab нь уг технологио зөвхөн таксинд бус хоол болон шуудан хүргэлтийн үйлчилгээндээ нэвтрүүлж байгаа аж. Мөн Монголд ирдэг 1 сая гаруй гадаадын жуулчдад зориулж 3D зураглал, камерт суурилсан "Grounding with Google Maps" систем болон хиймэл интеллектийн Gemini Enterprise моделийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр Google-тэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна.
Монгол инженерүүдийн бүтээсэн платформ дэлхийн технологийн гигантийн анхаарлыг татаж, олон улсын хэмжээнд жишээ кейс болон танилцуулагдсан нь Монголын дижитал шилжилт ямар түвшинд хүрснийг харуулсан үйл явдал боллоо.




