• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Төв аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 22 тохиолдол бүртгэгджээ

Төв аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 22 тохиолдол бүртгэгджээ

Төв аймгийн хэд хэдэн суманд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэн айл өрх, мал сүрэгт аюул заналхийлсэн тохиолдлууд дараалан гарч байна. Өнөөдрийн байдлаар иргэдээс ирсэн энэ төрлийн дуудлага, мэдээллийн тоо 22-т хүрээд байгаа юм.

  • Баяндэлгэр суманд: Энэ сарын 12-ны өдөр тус сумын 2 дугаар багийн “Дархан ноён” хэмээх газрын ойн санд ойр нутагладаг айл руу баавгай дайрчээ. Улмаар гэрийг нь нураан, дотор нь байсан 60 литр аарцыг авч явсан байна.

  • Мөнгөнморьт суманд: 1 дүгээр багийн нутаг “Арагчийн булан” гэх газар нутаглаж буй айлын хотны дэргэдээс баавгай бага насны адуу барьж, дараа нь дарж булсан тохиолдол гарчээ.

  • Батсүмбэр суманд: Баавгай айлын чацаргананы хашаа руу нэвтэрч орсон хэрэг гарсан байна.

Иргэдээс ирсэн дуудлага, мэдээллийн дагуу Төв аймгийн Эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг болон холбогдох сумдын Онцгой комисс хамтран шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Хамгаалалтын багийнхны авч хэрэгжүүлсэн ажлын хүрээнд:

  • Бамбарууш дагуулж явсан 3 эх баавгай болон 2 бамбаруушийг аюулгүйгээр барьж, ойн гүн рүү шилжүүлэн нутагшуулжээ.

  • Айл өрхийн гэр нурааж, мал сүрэг рүү халдсан 2 баавгайг аюулгүй болгох ажлыг холбогдох журам, стандарт дагуу зохион байгуулсан байна.

Санамж: Ойн сантай ойролцоо нутаглаж буй иргэд, аялагчид болон малчдыг сонор сэрэмжтэй байж, зэрлэг амьтнаас зүй ёсны зай барих, хог хаягдал болон хүнсний зүйлээ ил задгай үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

No photo description available.May be an image of rhinocerosMay be an image of text