• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нөмрөгийн ДЦГ-т үүссэн хохирлыг тогтоох шинжээчдийн баг нисдэг тэрэг ажилуулах хүсэлтийг УОК болон ХХЕГ-т гаргалаа

Нөмрөгийн ДЦГ-т үүссэн хохирлыг тогтоох шинжээчдийн баг нисдэг тэрэг ажилуулах хүсэлтийг УОК болон ХХЕГ-т гаргалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2026 оны А/132 дугаар захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны А/860 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг болон шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг хамтран гүйцэтгэж байна. Гэвч дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикль болон морин уналгаар нэвтрэх боломжгүй нөхцөл үүсээд байна.

Үүний улмаас Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шаталтын хэмжээ, ойн гэмтлийн зэрэглэл, түймрийн бодит хамрах хүрээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлсэн нөлөөлөл, хөрс, ургамлан нөмрөгийн шаталт, доройтлын зэргийг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна.

Иймд байгаль орчны хохирлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор ажлын хэсэг болон шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг өчигдөр Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргалаа.