УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэхүү шинэчлэл нь даатгуулагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, ажил олгогчдын санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, тогтолцоог илүү уян хатан, шударга болгоход чиглэсэн хэд хэдэн чухал зохицуулалтыг тусгажээ.
Шинэ хуулийн гол өөрчлөлтүүдийг багцлан хүргэж байна.
1. Иргэдэд зориулсан уян хатан зохицуулалтууд
Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж
-
Сайн дурын хуримтлал: Даатгуулагч ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувийг сайн дураараа хуримтлуулах боломжтой.
-
Улсын урамшуулал: Хуримтлал үүсгэсэн тохиолдолд улсын төсвөөс тухайн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэл хугацаанд олгоно. Хуримтлалын бүтэц нь таны төлсөн 1 хувь, улсын урамшуулал болон хөрөнгө оруулалтын өгөөжөөс бүрдэх юм.
-
Өвлөгдөх нөхцөл: Тэтгэврийн мөнгөн хуримтлалын зарцуулагдаагүй үлдэгдлийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ.
-
Хугацаа: Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос 5-аас доошгүй жилийн өмнө хуримтлалаа үүсгэж эхлэх бөгөөд олон жил хуримтлуулбал илүү өгөөж хүртэнэ. Хүсэлтээ цахимаар, биечлэн болон асран хамгаалагчаар дамжуулан гаргаж болно.
Оюутан, суралцагчдыг дэмжих
-
Шимтгэлээс чөлөөлөх: Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, их сургууль, коллежид суралцаж буй 15-24 насны ажил эрхэлдэг оюутнууд өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
-
Шимтгэл нөхөн төлөх: Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой бөгөөд хугацаа, хэмжээг нийгмийн даатгалын байгууллагатай гэрээгээр тохирно.
-
Ажил олгогчийн үүрэг: Оюутан ажиллуулж буй ажил олгогч зөвхөн Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний (ҮОМШӨ) даатгалын шимтгэлийг төлнө.
Гэрээгээр ажиллагсдын шимтгэл төлөлт
-
Давхар шимтгэлгүй: Хөдөлмөрийн гэрээтэй ажилтан хажуугаар нь ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажилласан бол өөрөө хүсвэл нэмэлтээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болно.
-
Гэрээ сонгох: Хэд хэдэн гэрээгээр зэрэг ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй хоёр хүртэлх гэрээнээс сонгон нийгмийн даатгал төлж, хамрагдах уян хатан зохицуулалт бүрдэв.
Анх удаа даатгуулж буй иргэдэд
-
Нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар урьд нь даатгуулж байгаагүй Монгол Улсын иргэн анх удаа даатгуулах бол тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг 50 хувиар хөнгөлнө.
-
Энэхүү чөлөөлөлтийн хугацаа нь 24 сараас ихгүй байна. Энэ нь албан бус салбарт ажиллагчдын ирээдүйн нийгмийн хамгааллыг дэмжих зорилготой.
2. Бизнес эрхлэгчид болон Ажил олгогчдыг дэмжих зохицуулалтууд
Жижиг бизнес эрхлэгчдийн шимтгэлийн чөлөөлөлт
Сүүлийн 5 жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, 5-аас ихгүй ажилтантай ажил олгогчийн тодорхой тооны ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө.
-
Чөлөөлөх хугацаа: Ердийн ажилтны хувьд 36 сар хүртэл, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаагаар чөлөөлнө.
-
Ажилтны тооны харьцаа:
-
5 ажилтантай бол — 3 ажилтны ажил олгогчийн төлөх шимтгэлээс чөлөөлнө.
-
4 ажилтантай бол — 2 ажилтны ажил олгогчийн төлөх шимтгэлээс чөлөөлнө.
-
2-3 ажилтантай бол — 1 ажилтны ажил олгогчийн төлөх шимтгэлээс чөлөөлнө.
-
-
Шимтгэлийн чөлөөлөлтөд даатгуулагч зөвхөн нэг удаа хамрагдах бөгөөд ажил олгогч хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргана.
Үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг бууруулсан нь
Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх зорилгоор ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага болон эрсдэлээс хамааран үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг буурууллаа.
-
Өмнө нь 0.5%, 1.5%, 2.5% байсан хувь хэмжээг харгалзан 0.3%, 1.2%, 2.2% болгон тус тус бууруулав.
3. Тогтолцооны бусад шинэчлэлүүд
-
Суурь тэтгэвэр олно: Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих хүрээнд ахмад настны нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгож, тэтгэвэр авагчийн орлогыг нэмэгдүүлнэ.
-
Тэтгэвэр тогтоох хугацааг өөрчлөх: Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийг илүү шударга тогтоох зорилгоор шимтгэл төлж ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлсний дунджаас тооцдог байсныг үе шаттайгаар 10 жил болгон уртасгана.
-
Дээд хязгаар тогтоох: Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтоохоор боллоо.





