Эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас махны үнийн өсөлт болон нөөцийн махны үнийн зөрүүг төрөөс татаасаар олгож байгаа зэрэг цаг үеийн асуудлаар тодрууллаа.
- Нөөцийн мах ₮13,000-15,000-аар худалдаалагдаж байсан. Гэвч нөөцийн мах бэлтгэх үед шатахууны тасалдалтай байсан гэх асуудлаар ₮3000-аар үнийг нэмсэн. Улмаар нийлүүлэлт багасаж, иргэдийн худалдан авах чадвар буурснаар төрөөс тухайн нэмэгдсэн үнийг татаасаар олгож, үндсэн үнээр худалдаалахаар боллоо. Үүнийг та юу гэж харж байна вэ?
- Ер нь махны үнэ гэлтгүй, аливаа бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах, үнийн тогтооход төр оролцох нь тийм ч сайн зүйл биш гэж би хувьдаа үздэг. Тийм учраас бидний хувьд зах зээлд ийм нөхцөл байдал үүсгэхгүй байх тал дээр илүү анхаарч, урьдчилан харах ёстой байсан.
Өнөөдөр махны үнэн дээр тодорхой хэмжээний гажуудал үүссэн гэж би ойлгож байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн тогтолцоонд доголдол үүссэн байна. Энэ нь хүн амын орлого муу байгаатай холбоотойгоор иргэдийн амьжиргааны түвшинд сөрөг нөлөө үзүүлж эхэллээ. Тэгэхээр бид цаашид эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулж, иргэдийн орлогыг бодитоор өсгөх, махны болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасралтгүй, хэвийн хангах тал дээр л илүү анхаарах шаардлагатай байна.
Энэ удаагийн хувьд сая махны үнийг, тэр дундаа нөөцийн махны үнийг өсгөсөн, нөөцийн махны нийлүүлэлтийг тодорхой хэмжээгээр хязгаарласан зэргээс шалтгаалж нийлүүлэлтийн сүлжээнд доголдол гарсан гэдэг үндэслэлээр төр засаг оролцож байна. Нэг удаагийн шинж чанартай үйлдлийн хувьд үүнийг аргагүй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох ч, цаашдаа мах болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд төрөөс оролцож, үнийг зохицуулдаг байдлыг үргэлжлүүлэх нь эдийн засгийнхаа суурь зарчмаар бол сайн зүйл биш гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.
- Инфляц 10.1 хувьд хүрлээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
- Одоогийн нөхцөл байдлыг харж байхад инфляц 10.1 хувьд хүрнэ гэдэг бол өнөөдрийн эдийн засгийн суурь нөхцөл байдалд нэлээд томоохон цохилт мөн. Учир нь өнөөдөр иргэдийн бодит орлогын өсөлт, хэрэглээний зээлийн өсөлт, мөн чанаргүй зээлийн байдлаас харахад иргэдийн худалдан авах чадвар нэлээд доройтсон байдалтай байгаа нь ажиглагдаж байна.
Тийм учраас 10.1 хувийн инфляц, тэр дундаа гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний бүтээгдэхүүн дотроос мах, төмсөн дээр голлон үнэ өсөж байгаа нь хүнд тусаж байна. Манай Монголчуудын өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг гол хүнсний ногоо, махнаас шалтгаалсан үнийн дарамт үүсэж байгаа учраас энэ 10.1 хувь гэдэг бол маш өндөр үзүүлэлт юм.
Яагаад өндөр хувь гэж хэлээд байгаа вэ гэвэл, хэрэглээний бүтэц буюу Энгелийн коэффициент талаасаа авч үзвэл, бага орлоготой өрхүүдийн хэрэглээний сагсанд хүнсний бүтээгдэхүүн хамгийн өндөр хувийн жинг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, бага орлоготой өрхүүд орлогынхоо ихэнх хэсгийг хүнсэндээ зарцуулдаг. Ийм үед инфляц өсөх нь тэдгээрийн бодит орлого болон хэрэглээнд маш том дарамт болж очиж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид инфляцыг тогтворжуулах тал дээр, хэрхэн яаж нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг арилгах вэ, валютын ханшийн өсөлт болон бусад нийлүүлэлтийн гаралтай инфляцыг яаж хязгаарлах вэ гэдэгт л илүү анхаарах шаардлагатай байна.





