Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

Монгол Улсын санхүүгийн системийн гол тулгуур болсон банкны салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлтүүд ар араасаа хүлээгдэж байна. Төв банкны санхүүгийн сахилга батаас эхлээд арилжааны банкуудын хувьцаа эзэмшлийн бүтэц, цаашлаад мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хүртэл өөрчлөх хууль эрх зүйн реформуд энэ оны хаврын чуулганаар шийдэгдэхээр хүлээгдэж байна.

Монголбанк 2025 оны санхүүгийн тайландаа "Зөрчилгүй" үнэлгээ авлаа

Төв банкны тухай хуулийн дагуу Монголбанк санхүүгийн тайлангаа жил бүр хараат бус, олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулдаг. Тэгвэл тус банкны 2025 оны санхүүгийн тайланг дэлхийн 158 улсад салбартай "PwC" (PriceWaterhouseCoopers) аудитын байгууллага шалгаж, “Өөрчлөлтгүй” буюу “Зөрчилгүй” гэсэн хамгийн өндөр дүгнэлтийг өгчээ.

Энэ нь яагаад чухал вэ? Энэхүү дүгнэлт нь зөвхөн тооны нарийвчлал биш юм. Энэ нь Төв банкны институцийн хараат бус байдал, засаглалын чанар, олон улсын нэр хүнд болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлэхэд хамгийн чухал үзүүлэлт болдог. Монголбанк өмнөх жилүүдийн аудитаас өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж, зөрчлүүдийг залруулснаар ийнхүү амжилттай үнэлэгджээ.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт: Хувьцаа эзэмшлийн төвлөрлийг амьдралд нийцүүлнэ

2021 онд батлагдсан хуулиар системд нөлөө бүхий банкуудыг IPO гаргаж, нэг хувьцаа эзэмшигчийн хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байлгахаар заасан билээ. Банкууд амжилттай нээлттэй ХК болсон ч, 20 хувийн хязгаарлалтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд дараах хүндрэлүүд тулгарчээ.

  • Хөрвөх чадварын дарамт: Системд нөлөө бүхий 5 банк 20%-ийн босгонд хүрэхийн тулд зах зээлд шууд 3.4 их наяд төгрөгийн хувьцаа нийлүүлэх шаардлага үүссэн. Энэ нь дотоодын сул зах зээлийг элсүүлж, хувьцааны үнийг унагах эрсдэлтэй.

  • Хөрөнгө оруулагчдын сонирхол: 20 хувийн хязгаарлалт нь стратегийн том хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргах эрх мэдлийг хэт боомилж, сонирхлыг нь бууруулсан.

Иймд УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг хуульд өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг дараах байдлаар уян хатан тогтоохоор ажиллаж байна. Энэхүү өөрчлөлтийг 2026 оны хаврын чуулганд багтаан батлахаар төлөвлөжээ.

Төв банкны шинэ зорилт: "Төгрөгийн тогтвортой байдал"-аас "Үнийн тогтвортой байдал" руу

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын онцолж буйгаар Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, банкны үндсэн зорилтыг шинэчлэхээр хуулийн төсөл боловсруулжээ. Өмнө нь хуулинд "Төгрөгийн тогтвортой байдлыг хангах" гэж заасан нь үнийн тогтвортой байдлаас гадна валютын ханшийг Төв банк дангаараа хариуцах ёстой гэх өрөөсгөл ойлголтыг нийгэмд өгч, бодлогын тууштай байдлыг алдагдуулдаг байв. Иймд шинэ хуулиар үндсэн зорилтыг "Үнийн тогтвортой байдал" (инфляцыг нам, тогтвортой түвшинд барих) хэмээн нэг мөр тодорхой болгох аж.

Төсөв, мөнгөний бодлогыг "нэг саванд" уях нь

Шинэ зохицуулалтаар Монголбанк жил бүрийн 6 дугаар сарын 10-ны дотор "Мөнгөний бодлогын үндсэн чиглэл"-ийг УИХ-д өргөн барих бөгөөд уг баримт бичигт дараах гурван чухал үзүүлэлтийг хамтад нь тусгаж, хуульчлахаар болжээ.

  1. Ирэх 3 жилийн инфляцын зорилтот түвшин

  2. ДНБ-д эзлэх төсвийн зарлагын дээд хязгаар

  3. Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх Засгийн газрын тусгай үнэт цаасны хэмжээ

Эдгээр үзүүлэлтүүд нэг дор зангидагдсанаар төрийн төсвийн үрэлгэн байдал болон Төв банкны мөнгөний бодлого хоорондоо уялдан, эдийн засаг урт хугацаанд тогтвортой байх эрх зүйн баталгаа бүрдэх юм байна.