Энэ сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр 1-дүгээр багийн нутаг Бичигтийн өндрүүд болон Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсан юм. Тэгвэл холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажилласны дүнд түймрийг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цурамд оруулж, бүрэн унтраах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Түймрийн голомтод олон аймгийн Онцгой байдлын болон Хилийн цэргийн анги салбарууд хамтран үүрэг гүйцэтгэлээ. Холбогдох албаны мэдээлснээр түймрийг унтраах ажиллагаанд 100 гаруй алба хаагч, 18 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
-
Онцгой байдлын байгууллага: Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь ОБГ-ын 47 дугаар анги.
-
Хилийн цэрэг ба орон нутаг: Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги.
-
Байгаль хамгаалал: Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа.
Түүнчлэн Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын (УЦУОШГ) 1, 2 дугаар экспедиц газар дээр нь ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг амжилттай зохион байгуулсан нь түймрийг цурамд оруулахад чухал дэмжлэг болжээ.
Одоогоор нийт нутгаар хуурайшлын зэрэг түймрийн аюултай түвшинд хүрээд байна. Иймд орон нутаг болон тухайн бүс нутгаар зорчиж буй иргэд, тээвэрчид гал болон түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил гал гаргахгүй байх, аюулгүй байдлаа онцгойлон анхаарахыг сэрэмжлүүлж байна.





