УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Амьтны тухай хуулийн 25.7-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулснаа мэдэгдлээ.
Уг хуулийн заалтад:
“Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх хэсэг хамаарахгүй”
гэж заасан байдаг бөгөөд энэхүү зохицуулалтад “хүрэн баавгай” гэсэн үгийг нэмж оруулахаар төсөлд тусгажээ.
"Алим, банана ярьсаар цаг алдаж болохгүй"
Ховор амьтны ан агнуур болон хамгаалалттай холбоотой заалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд тулгуурлан боловсруулж, өргөн барих ажлыг салбарын яам хийх нь оновчтой. Гэвч салбарын яам асуудалд хойрго хандаж, цаг алдаж байгаагийн улмаас хүний амь нас ахин эрсдэх бодит аюул нүүрлээд байгааг тэрбээр шүүмжиллээ. Иймд иргэдээс ирж буй санал, гомдлын дагуу УИХ-ын гишүүний хувиар энэхүү нэмэлт өөрчлөлтийг яаралтай боловсруулсан байна.
Онцгой комиссын мэдээлснээр суурин газарт баавгай үзэгдсэн 550 гаруй тохиолдол бүртгэгдэж, аюулгүй байдлыг хангах үүднээс 9 баавгайг агнаж устгажээ.
"Баавгай хүний зохиосон хуулийг дагахгүй"
Ж.Золжаргал гишүүн хэлэхдээ, баавгай олноор үзэгдэх болсон шалтгааныг судалж тогтоох, түүнд тулгуурласан арга хэмжээ авах, хүнээ ч, ховор амьтнаа ч хамгаалах нь зүйн хэрэг. Гагцхүү асуудал үүсэхэд паникт орж, саажилттай мэт үйлдэл хийх чадваргүй байх нь төрийн хувьд ичгэвтэр асуудал гэдгийг онцоллоо.
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэгдэж байгаа юм. Мөн Амьтны тухай хуулийн 37.5, Эрүүгийн хуулийн 24.5, Зөрчлийн тухай хуулийн 7.6 болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан амьтан хамгаалах, түүнтэй холбоотой эрүүгийн болон зөрчлийн хариуцлагын хамрах хүрээг оновчтой болгохтой шууд уялдаж байна.





