Монголбанкны Ерөнхийлөгчид яригдаж байгаа С.Наранцогт гэж хэн бэ?

Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох саналаа  УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр  намын бүлэгтээ танилцууллаа. 
Тэрбээр ясны “тооны” хүн бөгөөд МУИС-д физикч математикч мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй, БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн инженер-эдийн засагч мэргэжлээр доктор /Ph.D/ зэрэг хамгаалсан аж.
Улмаар Сангийн яаманд мэргэжилтнээс  хэлтэс, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар нийт 4 жил гаруйн хугацаанд мерит зарчмаар дэвшин ажилласан туршлагатай бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд,  2022 оноос  “Эрдэнэс Монгол”  нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.  С.Наранцогт нь “Эрдэнэс Монгол”-ыг нэгдлийн тогтолцоонд шилжүүлж, нэгдсэн удирдлага, менежментээр удирдаж ажилласан бөгөөд санхүү, эдийн засгийн  салбарт олон, жил үр бүтээлтэй бодлого тодорхойлж ирсэн туршлагыг нь үндэслэн  Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байна.  Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг  УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, томилгооны сонсгол хийснээр УИХ-аар хэлэлцэх юм. 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Макро эдийн засгийн бодлого, төсвийн шинэчлэл, банк санхүүгийн салбарын удирдлага, төрийн өмчит томоохон корпорацийн засаглалын чиглэлээр мэргэшсэн удирдах ажилтан. Төсвийн сахилга батыг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний баялгийн санг хөгжүүлэх болон банкны салбарын эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх зэрэг үндэсний хэмжээний томоохон реформуудыг амжилттай удирдсан туршлагатай.
________________________________________
АЖЛЫН ТУРШЛАГА
"ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЭЛ Гүйцэтгэх захирал 2022.11 -  
Монгол Улсын стратегийн орд газруудыг эзэмшдэг, уул уурхай, дэд бүтцийн нэгдлийг удирдаж, засаглал болон санхүүгийн бүтцийн өөрчлөлтийг гардан хэрэгжүүлж байна.
•    Санхүүгийн эрүүлжүүлэлт: Нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг тогтоож, толгой компанид хуримтлагдсан 514.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдуулж, санхүүгийн хүндрэлийг даван туулсан.
•    Баялгийн сангийн реформ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулах ажлыг удирдаж, "Хуримтлалын сан"-д 500 тэрбум төгрөг төвлөрүүлэн 10,000 өрхийн ипотекийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.
•    Стратегийн хэлэлцээр: Францын "Орано майнинг" компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний Техникийн ажлын хэсгийг ахалж, төслийн санхүүгийн загварчлалыг боловсруулан хэлэлцээрийг амжилттай хийсэн.
•    Нийгмийн нөлөөлэл: 2012 оноос хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг хангасан.
•    Ирээдүйн хөгжил: Уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилгоор газрын ховор элемент, критикал ашигт малтмалын 19 төслийг шинээр эхлүүлсэн.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ Дэд сайд (2021 - 2022)
Макро эдийн засгийн бодлого, хөгжлийн төлөвлөлтийг хариуцаж, гадаад секторийн тэнцвэрийг хангах бодлогыг хэрэгжүүлсэн.
•    Валютын нөөцийн удирдлага: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын 362-р тогтоолыг санаачлан батлуулж, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийг сайжруулах ажлыг удирдсан.
•    Төсвийн эрсдэлийн удирдлага: Засгийн газрын шийдвэргүйгээр "Офф-тейк" (off-take) гэрээ байгуулахыг хориглож, далд өрийг хязгаарласан.
•    Цахим шилжилт: Ашигт малтмалын бүх шат дамжлагыг цахимжуулж (E-barimt), гааль татварын системтэй холбосноор далд эдийн засгийг бууруулж, татварын орлогыг нэмэгдүүлсэн.
•    Институцийн хөгжил: Шинэ яамны бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, макро эдийн засгийн төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлсэн.

ХӨГЖЛИЙН БАНК / ТӨРИЙН БАНК ТУЗ-ийн Дарга, Гишүүн (2017 - 2021)
Банкны засаглал, эрсдэлийн удирдлага, актив пассивын удирдлагын (ALM) бодлогыг тодорхойлсон.
•    Чанаргүй зээлийн удирдлага: Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласнаар эргэн төлөлтийг эрс нэмэгдүүлсэн.
•    Санхүүгийн ил тод байдал: Олон улсын аудитын компаниар хөндлөнгийн аудит хийлгэж, санхүүгийн тайлагналыг Олон улсын стандартад (IFRS) нийцүүлсэн.
•    Эрсдэлийн удирдлага: Зах зээлийн болон ханшийн эрсдэлийг удирдах, нээлттэй позицийг тэнцвэржүүлэх шинэчлэлийг хийж, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн.

САНГИЙН ЯАМ / ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА Санхүү, төсвийн удирдах албан тушаал (2003 - 2022)
Төрийн санхүүгийн удирдлага (PFM), төсвийн бодлого, өрийн удирдлагын чиглэлээр ажилласан.
•    PFM Шинэчлэл: Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог бүрэн цахимжуулж, иргэдийн данс руу шууд гүйлгээ хийх боломжийг бүрдүүлсэн.
•    Зардлын хяналт: Төрийн албаны цалингийн нэгдсэн системийг нэвтрүүлж, төсвийн урсгал зардлын 20%-ийг эзэлдэг цалингийн санг хяналтад авснаар төсвийн үр ашгийг дээшлүүлсэн.
•    Орлогын бодлого: Татварын багц хуулийг шинэчлэн батлуулж, НӨАТ-ын цахим системийг нэвтрүүлснээр татварын бааз суурийг тэлсэн.
•    Өрийн удирдлага: Засгийн газрын үнэт цаасыг дахин санхүүжүүлэх (liability management) арга хэмжээг авч, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В” түвшинд хадгалахад хувь нэмэр оруулсан.