• Нүүр
  • Мэдээний өрөө
  • БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРТ ЭХТА-ИЙН 22.1.3 ДАХЬ ЗҮЙЛД ЗААСНААР ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРТ ЭХТА-ИЙН 22.1.3 ДАХЬ ЗҮЙЛД ЗААСНААР ХЭРЭГ БҮРТГЭЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ БАЙНА

Монгол Улс 2026 онд дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) эх орондоо хүлээн авахаар бэлтгэж байна. Гэвч энэхүү нэр хүндтэй ажлын бэлтгэл шатны ажилтай холбоотой гаргасан зардал шүүмжлэл дагууллаа.

Дэлхийн хэмжээний хурал ба 300 тэрбумын асуултын тэмдэг

2022 онд гаргасан шийдвэрийн дагуу энэ оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбaatar хотноо дэлхийн 197 орны 10,000 орчим төлөөлөгч чуулна. Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх стратегийг тодорхойлох энэхүү хуралд улсын төсвөөс 300 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Салбарын сайд Б.Батбаатар уг хөрөнгийг түр байгууламж барих, техник хэрэгсэл авахад зарцуулна гэж мэдэгдэж байсан ч бодит байдал дээр "гадаад томилолт" гэх нэрээр их хэмжээний мөнгө гадагш урссан нь баримтаар дэлгэгдлээ.

 1.9 тэрбум төгрөгийн "аялал"

Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын гишүүдийн дэлгэсэн мэдээллээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар ердөө 52 хоногийн дотор гадаад томилолтод 1.4 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Тодруулбал:

  • АНУ-ын томилолт: 37.2 сая төгрөг
  • Бразил улсын томилолт: 685 сая төгрөг
  • Панам улсын томилолт: 312.5 сая төгрөг
  • Кени улсын томилолт: 378 сая төгрөг

Эдгээр зардлын задаргааг харвал Бразилд танилцуулах материалд 60 сая, видео шторк хийлгэхэд 10 сая, Кенид павильон түрээслэхэд 20 сая гэх мэтээр "хэмнэлтийн горим"-ыг үл тоомсорлосон дүн харагдаж байгааг ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар шүүмжилж, Авлигатай тэмцэх газарт (АТГ) гомдол гаргаснаа мэдэгдэв. Мөн үүнээс гадна 550 орчим сая төгрөгийг Сингапур , Арабын нэгдсэн Эмират улсад ажиллах зардал хэмээн БОУАӨЯ-ны ТНБД-ын тушаалд тусгажээ

Намын дотоод засаглал: Гэр бүлийн компани уу, улс төрийн хүчин үү?

Сайдын санхүүгийн асуудлаас гадна ИЗНН-ын дотоод нөхцөл байдал "хүнд" байгааг намын нөхдүүд нь онцоллоо. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2025 оны эцэс гэхэд дүрмээ бүртгүүлэх ёстой байсан ч Улсын Дээд шүүхээс дүрмийг нь дөрвөн удаа буцаажээ.Үүнтэй холбоотой тус намын гишүүдийн олон нийтэд өгсөн мэдээллийг багцлан харвал :

  1. Удирдлагын хоосон орон зай: Намын даргын сонгуулийг дахин явуулж бүртгүүлээгүй тул одоогоор ИЗНН албан ёсны даргагүй, дүрэмгүй гэх статустай байна.

2.      Санхүүгийн тодорхойгүй байдал: . ИЗНН-д 455 сая төгрөгийг  улсын төсвөөс олгожээ.Харин төрөөс өгдөг бүх санхүүжилт зориулалттай байдаг. Харин Б.Батбаатар нь хагас жилийн тайлан дээрээ 347 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгсөн гэх . Мөн түрээсийн байртай нам банкнаас 132 сая төгрөг зээлж, эргүүлээд 287 саяыг төлсөн нь тус намын гишүүдийг Б.Батбаатарыг хардах шалтгаан болсон гэжээ

  1. Хамаатан садны томилгоо: Намын дүрмийн хороо болон эрх бүхий бүтцүүдэд сайдын хамаатан садан, туслах, найз нөхөд нь томилогдсон нь дотоод хяналтыг үр дүнгүй болгосон гэж үзэж байна.

COP17 бол Монгол Улсын нэр хүндийг дэлхийд гаргах, байгаль орчны тулгамдсан асуудлаа шийдэх том боломж. Гэвч энэхүү ажлыг гардан зохион байгуулах яамыг удирдаж буй сайд нь   санхүүгийн ил тод бус байдал, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтад сэв суулгаж болзошгүй байна. Үүнтэй холбоотой бид АТГ-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатартай холбоотой хэрэг өмнө нь шалгагдаж байсан эхийг тодруулахад, 2025 оны 10 дугаар сараас Б.Батбаатарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 -т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Түүнийг томилолтын зардал болон албан тушаалын байдлаа ашиглан хууль зөрчиж, өөрт хамаарал бүхий этгээдүүдийг ажилд авсан гэх гомдол зэрэг хэд хэдэн асуудлыг хамтатган шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байгаа гэлээ