О.Чойдог: Үнэт зүйл, шударга байдлаа залуучууд битгий алдаасай

УНТЭ-ийн захирал зарим удирдах албан тушаалтныг ажлаас нь халжээ.Шалтгаан нь тус эмнэлэгт үүссэн нөхцөл байдлыг олон нийтэд түгээсэн нь хамт олныг хагалган бутаргасан гэж үзсэн байна. УНТЭ-ийн захирлыг 20 орчим хоногийн хугацаанд 3 удаа солид байгаа билээ. “Шүгэл” үлээж ажлаасаа халагдсан албан тушаалтны нэг О.Чойдогтой ярилцлаа.

 УНТЭ-ийн Төлөвлөлт,үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал асан О.Чойдог

-Таны хувьд УНТЭ хэдэн жил ажилласан бэ, ямар мэргэжилтэй вэ?

      -Миний хувьд оюутан цагаасаа ах нарыгаа дагаж жижүүрт хоноод, 2010 оноос мэс заслын тасагт ажиллаж байсан. Төгсөлтийн дараах сургалтаа ч энэ эмнэлэгтээ хийсэн. Хоёр гурван жил цалингүй ч ажилласан.   16 жил Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажилласны нэг жил гаруйн хугацаанд нь удирдах албан тушаал хашжээ.Эмнэлгээ яаж сайжруулах вэ, хэрхэн үйлчлүүлэгчийн тав тухтай орчныг бий болгох, чанар хүртээмжийг нэмэх вэ, ажилчдынхаа тав тухыг хэрхэн хангах вэ гэдэг миний нэгдүгээр зорилго байсан.Өнгөрсөн хугацаанд зорьсон зорилгынхоо арван хувийг л биелүүлсэн болов уу гэж бодож байна.

 -Таны хувьд үзэл бодлоо илэрхийлээд ажлаасаа чөлөөлөгдлөө. Одоо нөхцөл байдал ямар байна, таныг яагаад ажлаас чөлөөлөв?

       -Ажлаас халагдах тушаал дээр хамт олныг хагарган бутаргасан, үндэслэлгүй мэдээлэл гаргасан гэж бичээд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.Баасан гарагийн орой надад танилцуулсан. Хагассайн өдөр өрөөгөө хүлээлгэж өгсөн. Энэ бол хууль бус шийдвэр. Миний хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй, өрөө тасалгаагаа хүлээлгэж өгч байгаагаа илэрхийлээд гарсан. Нийгэмд үнэт зүйл, шударга байдлаа залуучууд битгий алдаасай. Нэн ялангуяа төрийн албанд ажиллаж байгаа залуучууд. Шүгэл үлээгээд халагдсан ч  үнэт зүйлсээ эрхэмлэж, үнэнч байсан учраас харамсахгүй байна. ТУЗ-ийн асуудал хууль бус юм уу, энийг тодорхой болгоод өгөөч,шийдвэр гаргалтад оролцсон гишүүд нь ТУЗ-ийн гишүүд мөн юм уу, биш юм уу гэдгийг л мэдэхийг хүссэн.Бодит байдал дээр зарим гишүүд сургалтад явчихсан байсан. Зарим гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан байдаг. Ажлаа өгчхөөд хэдэн сар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн яваад байдаг. Ойлгомжгүй асуудлуудыг ойлгомжтой болгоод өгөөч. Манай ТУЗ хоёр ч даргатай юм шиг ойлгомжгүй асуудлууд үүсээд байсан учраас үүнийг л тодруулсан. Цаашдаа ТУЗ-ийг “эрүүл” байлгах үүднээс эмнэлгийн ажилтнууд өөрсдөө ТУЗ-даа орох хэрэгтэй. Эмнэлгийн төлөөлөл гурван гишүүн байдаг бол үүнийг тав болгох хэрэгтэй. Яагаад үүнийг яриад байна вэ гэхээр 2027 он бол эрүүл мэндийг дэмжих жил.Илүү эмнэлгийнхээ үйл ажиллагаанд оролцоод ТУЗ-тайгаа мэдээлэл солилцоод шийдвэр гаргахад улс төрийн оролцоо бага орох юм болов уу гэдэг үүднээс шүгэл үлээсэн. Залуу хүний хувьд шүгэл үлээсэндээ харамсахгүй байна. Үр хүүхэддээ шударга, эрүүл нийгмийг үлдээх ёстой. Төрийн албанд ажиллаж байгаа залуучууд болохгүй байгаа зүйлийг хэлдэг байгаасай. Гэхдээ хэлсэн залуучуудыг халдаг бол хэцүү шүү дээ. Мөсийг хагалаад дугарсан манай салбарынхан дэмжиж байгаа, буруу зүйл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа.

-УНТЭ ТУЗ-ийн есөн гишүүнтэй.Энэ ТУЗ нэг сар орчмын хугацаанд гурван хүн чөлөөлж, сэлгэж томилохдоо гурван гишүүний шийдвэрээр дарга томилж, шийдвэр гаргаж байсан гэсэн үг үү?

-Ерөнхий захирлыг чөлөөтэй байх үед эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, эсвэл төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал орлодог. Амжилттай ажиллаад явж байсан Л.Бямбасүрэн захирлыг яагаад эргүүлэн томилж болоогүй юм. Хурал дээрээ үүнийг ярилцсан юм уу, хурлын тэмдэглэлийг авъя гэж хүссэн. Миний хувьд ТУЗ-тай шууд харилцдаг хүн биш. Гүйцэтгэх захирлын түвшинд танилцуулах ёстой байх. Энэ зүйлсийг болохгүй болохоор хэлээд шаардлага тавьсан. ТУЗ-ийг эрүүл байгаасай гэж хүсдэг. Манай салбарт олон ТУЗ-тай эмнэлгүүд байгаа. Дахиад ТУЗ-гүй эмнэлгийг ТУЗ-тай болгоно гэж салбарын удирдлагууд ярьж байгаа. 2020 оны хуулийг хэрэгжүүлээд таван жил болж байна. Дахиад шинэчлэл хийхдээ анхаараасай. Улс төр эрүүл мэндийн салбарт сөрөг нөлөө үзүүлж болдог юм байна гэдгийг манай эмнэлгийн жишээ харуулж байна.

- Сар хүрэхгүй хугацаанд 3 дарга сольсон гэхээр нэг даргын бүрэн эрхийн хугацаа долоо хоног үргэлжилсэн гэж үзэх байх. Энэ хугацаанд хамгийн их хохирсон хүмүүс хэн бэ?

      -Төрийн алба зарчмаа авч явах ёстой. Өмнөх удирдлагын хийж байсан ажлыг үргэжлүүлээд хийх ёстой. Энэ үеийг цонх үе гэж үзээд байгаа. Нэгдүгээрт аудит манай эмнэлгийг он дамнасан гэрээ хийхгүй гээд заавар өгсөн. Хоёрдугаарт яг энэ үед төсвөө ярилцдаг, худалдан авалтын төлөвлөгөөг ярилцдаг, тендерээ зарладаг ийм чухал үе. Даргыг зургаан сард яагаад сольж болдоггүй юм. Яг төсвийн мөнгөтэй, худалдан авалтаа ярилцаж хэлэлцдэг энэ үед даргыг гурван удаа сольчихоор үйл ажиллагааны доголдол үүсдэг. Иргэд л хохирч байна шүү дээ. Эмнэлэг тусламж үйлчилгээг явуулахын тулд эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэгтэй. Энэ хугацаанд эмнэлгийн ерөнхий захиралтай гурван удаа уулзаж саналаа хэлсэн. Эмнэлэг бол эм тариа, эмнэлгийн хэрэгслийн дутагдалд орох эрсдэл байна. Маш сайн анхаарч ажиллаарай гэж хэлсэн. Одоо миний саналыг цахим сүлжээнд буруугаар ойлгуулж байна шүү дээ. Өөрөө ажлаа хийж чаддаггүй, ашиг сонирхол өндөртэй гээд. Би ажлаа авснаас хойш нэг удаа тендерийн хороо ахалж худалдан авалт хийсэн. Нийт үнийн дүнгээрээ манай эмнэлгийн худалдан авалтын 4\1 хавьцаа байх. Ахалсан тендерийн хороон дээрээ эмч ажилчдын саналыг авч аль бүтээгдэхүүнийг авах уу, алийг нь хэрэглэвэл илүү чанартай үйлчилгээ үзүүлэх вэ, гэдэг дээр түүчээлж ажилласан гэж бодож байна.