Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний өдрийн 08:00 цаг хүртэл Нийслэлийн Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4%-иар өссөн үзүүлэлт юм. Үүнээс Томуу, томуу төст өвчинтэй холбоотой дуудлага өмнөх жилийн тус өдрөөс 3,4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Түргэн тусламжийн төв нь цочмог өвчин эмгэг, осол гэмтэл, хордлого, жирэмслэлт, төрөлтийн үед эмнэлгийн яаралтай анхны тусламжийг газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад үзүүлэн, эмнэлэгт хүргэх чиг үүрэг бүхий байгууллага юм. Иймд иргэд та бүхэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж авах боломжтой юм.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өдөрт 45 түргэн тусламжийн багийг дуудлагад явуулж байгаа ч дуудлагын ачаалал, замын нөхцөл байдлаас шалтгаалан дуудлага хүлээгдэх тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн дуудлага очих хүртэл хүлээцтэй хандаж, түргэн тусламжийн автомашинд зам тавьж туслахыг тус төвийнхөн уриаллаа.
Түүнчлэн томуу, томуу төст өвчний тархалт их байгаа учир иргэд та бүхэн гадуур явахдаа амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжин, халдвар хамгаалал, эрүүл ахуйн дэглэмийг сахиж өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.





