Гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулна

Олон улсын туршлагаас үзвэл 1949 онд Япон Улсад байгуулагдсан Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх нь Азийн хамгийн анхны энэ төрлийн хэргийн дагнасан шүүх болж, Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиар гэр бүлийн хэрэгт тохирсон онцлог процесс ажиллагааг нь зохицуулдаг болжээ. Түүнчлэн БНСУ 1963 онд Сөүл хотын Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх байгуулагдан гэр бүлийн хэргийг дагнан хянан шийдвэрлэх бие даасан хуулиар гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх онцлог зохицуулалтыг бий болгосон байдаг аж. Иймд Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг 40 зүйлтэйгээр боловсруулжээ.

Төсөл батлагдсанаар гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг бүрэн тал бүрээс нь шинжлэн судлах, нэг шүүхэд гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг нөхцөл бүрдэх юм байна. Төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулсан байна.

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхтэй болж байгаатай холбоотойгоор Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчтэй болох юм. Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн асуудал нь Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулсантай холбоотойгоор олон улсын жишгийн дагуу бий болох мэргэжилтэн бөгөөд  энэ шинжээч гэр бүл цуцлахтай холбоотой асуудал дээр гэр бүлийн нөхцөл байдлыг судлаад, шүүхийн бүтцэд ажиллан гэр бүл цуцлах үйл явц дунд хүүхдийн эрх ашгийг тэргүүн зэрэгт хамгаалах үүргийг хүлээх зохицуулалттай гэв. Шүүхийн ерөнхий зөвлөл болон гэр бүл, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ төрлийн хүний нөөцийг бэлтгэх үүрэг хүлээнэ хэмээн тус хуулийн төслийн ажлын хэсэг мэдээллээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулахаар заасан. Түүнчлэн, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тогтоолын 4-т нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусган Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг даалгасны дагуу төслийг боловсруулсан байна.