Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд ээлжит хурлаа хийж, макро эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь иргэдийн амьжиргаа, бизнесийн зээлийн хүү болон эдийн засгийн ерөнхий идэвхжилд хэрхэн нөлөөлөх вэ? Төв банк яагаад ийм алхам хийв?
Шатахуун, хүнсний үнэ инфляцыг хөөрөгдөж байна
Сүүлийн саруудад иргэдийн халаасанд хамгийн хүнд тусаж байгаа асуудал бол үнийн өсөлт. Шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс шалтгаалж, 5 дугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 11.2 хувь, Улаанбаатар хотод 11.0 хувьд хүрээд байна.
Гэхдээ энэхүү өсөлт нь уул уурхайн бус салбаруудын идэвхжилтэй холбоогүй, харин цаг агаар болон геополитикоос шалтгаалсан түр зуурын шинжтэй "нийлүүлэлтийн гаралтай" өсөлт гэж Төв банк дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, суурь инфляц харьцангуй бага түвшинд байна.
Эдийн засаг 7.9 хувиар өссөн ч "ялгавартай" байна
2026 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 7.9 хувиар өсөж, нэлээд эрчимжсэн үзүүлэлттэй гарлаа. Гэвч энэ өсөлтийг зөвхөн уул уурхай, тээврийн салбар л чирж яваа бөгөөд бусад салбаруудын идэвхжил сул хэвээр байна.
Цаашид уул уурхайн олборлолт нэмэгдэж, томоохон төслүүд үргэлжлэх нь энэ оны өсөлтийг тэтгэх бөгөөд ирэх жилүүдээс бусад салбарууд алгуур сэргэх хүлээлттэй байгаа юм.
Гадаад орчин: Алт, зэсийн үнэ бидэнд ашигтай байна
Дэлхий дахинд Ойрх Дорнодын зөрчилдөөнөөс шалтгаалж газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, инфляцын дарамт үүсэж байна. Энэ нь бусад орнуудын өсөлтийг сааруулж байгаа ч манай улсын хувьд дараах хоёр давуу тал үүсэв:
-
БНХАУ-ын сэргэлт: Манай гол худалдааны түнш Хятад улсын эдийн засаг хүлээлтээс давж өссөн нь манай экспортод эерэг дохио боллоо.
-
Түүхий эдийн үнэ: Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь Монгол Улсын гадаад худалдаанд маш том дэмжлэг болж байна.
Цаашдын төлөв ба Мөнгөний бодлогын зорилт
Төв банк мах, шатахууны үнийн өсөлт аажмаар саарч, инфляц дунд хугацаанд тогтворжино гэж үзэж байна. Мөнгөний бодлогын хүүг 12 хувьд барьж байгаа нь инфляцыг 2027 оноос эхлэн 5 хувийн (+/-2%) зорилтот түвшинд авч очих, макро эдийн засгийг тогтворжуулах алхам юм.
Гэхдээ зуншлага, малын өвчлөл, Орос-Украин болон Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж үнийн дарамт буурахгүй бол Төв банк цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх болно.





