УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар салбарын хэмжээнд төдийгүй нийгмийн хамгааллын салбарт олон жил хүлээгдсэн нэгэн чухал шийдвэр гарлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт санаачлан өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эцэслэн БАТАЛЛАА.
Энэхүү хууль батлагдсанаар олон мянган ахмадууд, тэр дундаа эх орныхоо аюулгүй байдлын төлөө залуу насаа зориулсан цэргийн алба хаагчдыг насны заагаар ялгаварлан гадуурхдаг байсан хуучин тогтолцоо албан ёсоор халагдаж байна.
Хуучин тогтолцооны гажуудал ба хохирсон 29 мянган ахмадын эрх ашиг
Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтаар зөвхөн "20-иос доошгүй жил шимтгэл төлж, 65 нас хүрсэн" ахмадуудыг л тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлдөг байв. Энэхүү ганцхан нөхцөлөөс шалтгаалж, тэтгэвэр авахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж буй 29.1 мянган ахмад настан ажил хийх бүрдээ дахин шимтгэл төлж, ялгавартай нөхцөлд хохирсоор ирсэн юм.
Тэр дундаа:
-
Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд насаараа зүтгээд цэргийн тэтгэвэрт гарсан бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагчид,
-
50 насандаа тэтгэвэрт гарсан олон хүүхэдтэй эхчүүд,
-
Малчид,
-
Хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд ажил хийж орлогоо нэмэгдүүлэх гэснийхээ төлөө хуулийн цоорхойн золиос болж байв.
Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн энэхүү хуулийг хамтран санаачлагчийн хувьд төрийн төлөө тангараг өргөж зүтгэсэн цэргийн алба хаагчид болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан ахмадуудаа тэтгэвэрт гарсан хойно нь нас, нөхцөлөөр ялгаварлахгүй байх тэгш эрхийн зарчмыг тууштай хамгаалж, ийнхүү үр дүнд хүргэлээ.
Хуулийн шинэчлэлээр ямар өөрчлөлтүүд гарах вэ?
Энэхүү хуулийн шинэчлэл нь нийгмийн хамгааллыг сайжруулах, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн дараах бодит боломжуудыг нээж байна.
-
Насны хязгааргүйгээр шимтгэлээс чөлөөлнө: Зөвхөн 65 нас хүрсэн ахмадыг шимтгэлээс чөлөөлдөг байсан хуулийн цоорхойг засаж, наснаас үл хамааран хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон БҮХ иргэн, тэр дундаа цэргийн тэтгэвэр авагчид, хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэд, малчид, олон хүүхэдтэй эхчүүд ажил эрхлэхдээ шимтгэл төлөхгүй байх эрхтэй боллоо.
-
Тэтгэврийн зөрүүг арилгана: Суурь тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, улмаар 1979 оноос хойш төрөгсдөд бага тэтгэвэр тогтоох эрсдэлийг хаах бодит нөхцөл бүрдэв.
-
Асрах, сувилах тогтолцоо чанаржина: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй даатгуулагчдыг асрах, сувилах тогтолцоог чанаржуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
-
Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжинэ: Ахмад настнуудыг ажлын байраар хангаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын (ААНБ) төлөх шимтгэлийн ачаалал буурснаар ахмадуудыг ажилд авах сонирхол нэмэгдэж, тэдний хөдөлмөр эрхлэлт бодитоор дэмжигдэнэ.
Төрийн төлөө зүтгэж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун цусаа зориулсан хэн боловч тэтгэвэрт гарсан хойноо нас, хүйс, ажиллаж байсан нөхцөлөөрөө ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Энэхүү хуулийн шинэчлэл нь Монгол улсад шударга, тэгш тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн томоохон алхам боллоо.





