• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Японы ЭСЯ-тай Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох асуудлаар уулзлаа

Японы ЭСЯ-тай Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох асуудлаар уулзлаа

Өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад албаны төлөөлөлтэй Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээх зэрэг асуудлаар уулзлаа.
Элчин сайд Игавахара Масарүгийн Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийллээ.
Мөн Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улсад техникийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгааг уламжиллаа.
Харин “Мобиком корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хор хохиролд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ.
Түүнчлэн түймрийг унтраах ажилд оролцсон нийт хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлснийг уламжилж өгөхийг хүссэнийг дурдах нь зүйтэй биз ээ.
Нөмрөгийн дархан цаазат газар бол Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистем бүхий, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг байсан юм.
Харамсалтай нь, хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас дэлхийд ховордсон, байгалийн үнэ цэн бүхий энэ нутагт их хэмжээний хохирол учирлаа.
Тиймээ түймрийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоож, нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай.
Япон Улс нь энэ чиглэлд хуримтлуулсан арвин туршлагатай тул уг асуудалд дэмжлэг үзүүлж, туслахаа илэрхийллээ.