Өнгөрөгч зургаа дугаар сард Нийслэлийн төсвийн зарцуулалтаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Энэ хүрээнд, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Сэлбэ дэд төв" төслийн төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн талаар ноцтой асуудлуудыг хөндөн тависан байна. Сонсголын тэмдэглэлээс:
Анхны үзэл баримтлал алдагдаж, утаа бууруулах зорилт замхарсан нь
-
12 мянган айл биш 8.5 мянга болж цөөрсөн: Анх 12,000 айлын орон сууц барина хэмээн танилцуулж, Засгийн газраас 500 сая ам.долларын бондын баталгаа гаргуулсан. Гэвч явцын дунд төлөвлөлт өөрчлөгдөн 8,500 орчим орон сууц барихаар болж, ойролцоогоор 3,500 орон сууц "алга болсон".
-
Иргэдийг өөр газар утаа үйлдвэрлэхэд хүргэв: Анх Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтэц татаж, газрын эздийг үл хөдлөх хөрөнгөтэй, бизнес эрхлэгчдийг талбайтай болгох зорилготой байв. Гэтэл энэ зарчмыг өөрчилж, 2,000 орчим айлд 400 тэрбум ₮ (1 айлд дунджаар 200 сая ₮) бэлэн мөнгөөр нөхөн олгосон.
-
Судалгаагүй нүүлгэн шилжүүлэлт: Нөхөн олговор авсан айлуудын ердөө 10% нь л орон сууцанд орсон бөгөөд үлдсэн 90% нь өөр газар хашаа хатган, утаа гаргаж эхэлжээ. Утаа бууруулах зорилгоор эхлүүлсэн төсөл нь утааг ердөө өөр байршилд шилжүүлсэн төдий болж хувирав.
Хувийн сектороос илүү өндөр өртөг, санхүүгийн дарамт
Сэлбэ төслийн хөрөнгө оруулалт нийт 58 га талбайд (орон сууц, дэд бүтэц, хувийн хэвшлийн хэсэг) 5.7 их наяд ₮ хүрэхээр байгаагаас зөвхөн 113 блок барилгад 2.3 их наяд ₮ төсөвлөгдөөд байна.
-
1 м2-ийн бодит өртөг: Дэд бүтэц, гадна тохижилтыг оруулбал 1 м2-ийн өртөг 3,800,000 ₮ орчим (ашигтай талбайгаар 3.46 сая ₮, барилгажилтын нийт талбайд хуваавал 2.46 сая ₮).
-
Борлуулах үнэ: Борлуулах боломжит хувилбарууд нь шууд өртгөөр буюу 3.8 сая ₮, эсвэл зах зээлийн дундаж ханшаар буюу 4.8 сая ₮ орчим байна.
-
Санхүүгийн нуугдмал зардал: Энэхүү 3.8 сая ₮-ийн өртөг дотор бонд болон санхүүжилтийн хүүгийн зардал ороогүй тул эцсийн өртөг улам нэмэгдэх эрсдэлтэй.
Гол асуудал: Төр өөрийн мөнгөөр дэд бүтэц тавьж, барилга захиалан бариулсан атлаа хувийн хэвшлийн төслөөс өндөр үнээр борлуулж байж ашигтай ажиллахаар нөхцөл байдал үүссэн.
Тендер, ашиг сонирхлын зөрчил ба менежмент
-
Тендерийн шалгуур ба дотоодын барилгачид: Анх Монголын компаниуд оролцох боломжгүй өндөр шалгуур тавьж, бүх ажил, материалыг гаднаас авахаар төлөвлөж байсныг барилгачдын тэмцэл, улстөрчдийн дэмжлэгээр багцалж хуваан, монгол компаниуд орох боломж бүрдүүлсэн.
-
Ашиг сонирхлын зөрчил: Гэвч шалгарсан дотоодын зарим компаниудын дунд НИТХ-ын болон намын нөхдийнх нь туршлага багатай барилгын компаниуд багтжээ. "Хуулиар хориглоогүй тул ашиг сонирхлын зөрчил хамаагүй" гэх тайлбараар халхавч хийж байна.
-
Менежментийн зардал: Төслийг хэрэгжүүлэгч “Сэлбэ 20 минутын хот корпораци” ХХК нь нийт зардлын 2%-ийг менежментийн зардалд авч байна.
Дэд бүтэц ба эрчим хүчний дутагдал
Эхний хэсгийн төсөлд дулаан, цахилгааны эх үүсвэр шийдэгдсэн ч бүтэн төслийн хэмжээнд хангалтгүй байна. Одоогоор нүүрс, хийн станц, газрын гүний дулаан гэх мэт хувилбаруудыг судалгааны түвшинд ярьж байгаа нь дэд бүтцийн эрсдэлийг харуулж байна.
Төр барилга угсралтын бизнес, худалдаатай зууралдах нь үр ашиггүй, өндөр өртөгтэй болохыг Сэлбэ төслийн одоогийн нөхцөл байдал харуулж байна. Энэхүү өртгийн өсөлтийг мэргэжлийн байгууллагуудаар шалгуулж, гүйцэтгэлийн аудит хийлгэх шаардлагатай.
Цаашид баримтлах зарчим:
-
Төрийн оролцоог хязгаарлах: Төр зөвхөн бодлогын дэмжлэг, газар чөлөөлөлт, дэд бүтцийн хөгжил, ипотек зээлийн санхүүжилт дээр анхаарах.
-
Хувийн хэвшилд даатгах: Барилга угсралтын ажлыг хувийн хэвшил хийх нь илүү хурдан, шударга, зах зээлийн бодит үнэтэй байна.
-
Эрх зүйн шинэчлэл: Орон сууцжуулалтын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, газрын эзэд болон иргэдийг хохироохоо зогсоон, гэр хорооллын “дахин төлөвлөлт”-ийн зохицуулалтыг үндсээр нь эргэж харах шаардлагатай.





