• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хавдрын эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдэд үс хандивлах аянд Монгол эмэгтэй нэгджээ

Хавдрын эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдэд үс хандивлах аянд Монгол эмэгтэй нэгджээ

Хавдрын эмчилгээний гол аргуудын нэг болох химийн эмчилгээ (chemotherapy) нь өвчтэй эсийг устгахын зэрэгцээ эрүүл үсний угийг гэмтээж, их хэмжээгээр үс унагах үр дагавартай байдаг. Хавдартай тэмцэж буй хүүхдүүдийн хувьд үс уналт нь сэтгэлзүйн хувьд хүнд цохилт болдог. Ялангуяа сургуулийн насны болон өсвөр насны хүүхдүүд үсгүй болсноор бусдаас өөр харагдах вий, шоолуулах вий гэж айх, нийгэмшихээс зайлсхийх зэрэг бэрхшээлтэй тулгардаг.

БНСУ-д энэхүү хүнд үетэй тулгарсан хүүхдүүдэд үнэ төлбөргүй хиймэл үс (wig) олгох замаар сэтгэлийн дэм өгөх сайхан уламжлал, сайн санааны үйлс идэвхтэй өрнөж байна. Энэ бол энгийн мэт боловч хүүхдийн өөртөө итгэх итгэл, сэтгэл санааны тэнцвэрт байдалд асар их тус хүргэдэг үйлдэл юм. Солонгост үс хандивын үйл ажиллагааг голчлон Солонгосын Үсний Сан (Korea Hair Donation Association – K-HDA) болон бусад эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг. 

No photo description available.

Г.Бадам: Яг нэг жилийн өмнө хавдрын өвчнөөр өвчилж химийн эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд зориулж үс хандивладаг талаар мэдэж авсан юм. Тэгээд шинэ он гарангуут зориглон үсээ тайруулж энэ газар руу илгээсэн🥰 Хэд хоногийн дараа миний бүртгүүлсэн мэйлээрҮс хандивласан батламж” ирсэн билээ😇 Үнэхээр гоё мэдрэмж төрсөөн❤️ Та ч бас хандивлаарай🫶🏻

Бүртгүүлэх линк: www.kwith.org

Үсэнд тавигдах гол шаардлагууд:

  • Урт: Ихэнх байгууллагууд үсийг боловсруулж, хиймэл үс хийхэд хялбар байлгах үүднээс хамгийн багадаа 25 см-ээс дээш (заримдаа 30 см-ээс дээш) урттай байхыг шаарддаг.

  • Чанартай байдал:

    • Эрүүл, цэвэр үс байх ёстой.

    • Хэт их будаг, хими, цайруулалт ороогүй байх нь чухал, учир нь ийм үсийг боловсруулахад хүндрэлтэй эсвэл боломжгүй байдаг. Бага зэргийн байгалийн өнгөөр будсан үс болон үсний тэжээлээр арчилсан үсийг ихэвчлэн хүлээн авдаг.

    • Буржгар, шулуун аль ч төрлийн үс тохиромжтой.

  • Хэрхэн тайрах вэ?

    • Үсийг бохь эсвэл резинээр маш сайн боож, сүүлний хэлбэртэй болгосны дараа боолтоос дээш (боолт руу ойртуулан) тайрах ёстой.

    • Тайрсан үсийг чийггүй, хуурай нөхцөлд хадгалан (ихэвчлэн гялгар уутанд эсвэл цаасан боолтонд) хандивын байгууллагын заасан хаягаар илгээдэг.


Хэн ч Хандивлаж Болно

Солонгост амьдардаг, үсээ ургуулсан хэн боловч энэ сайн үйлсэд хувь нэмрээ оруулж болно. Энэ нь зөвхөн Солонгос иргэдэд хамаатай бус, тус улсад оршин суугаа гадаадын иргэд ч оролцох бүрэн боломжтой.

Хандив өгөхөөр шийдсэн хүмүүс ихэвчлэн үсчин дээр очиж, тухайн байгууллагын шаардлагын дагуу үсээ тусгайлан тайруулаад, өөрсдөө шуудангаар илгээдэг.