• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн өдөр

Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн өдөр

Тэртээх 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бол Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдөр юм. Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй.

Ийнхүү Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа батлаад хэдийн 101 жилийг ардаа үлдээжээ.

Энэхүү үйл явдал нь манай улсыг Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болгосон.

        Түүхийг эргэн сануулвал Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд эхэлж,  Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас 77 төлөөлөгч нь оролцжээ. Тэд Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг энэ өдөр санал нэгтэй баталжээ.

Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ны өдрийн 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.

Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээсэн байна.       Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг. Он цаг, нийгмийн хөгжлөө дагаад Монгол Улс Үндсэн хуулиа 4 удаа өөрчилсөн боловч анхдугаар Үндсэн хуульд “.. улсын дээд эрхийг ардад эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа юм.

 Анхдугаар Үндсэн хуулийн утга санааг түмэн олонд ойлгуулахад онцгойлон анхаарч Үндсэн хуулийг зүйл заалтаар нь тайлбарласан тусгай дэвтэр хэвлүүлэн нийтээр зарлан тараах, албан газруудад ил тавьж үзүүлэх, сургууль, цэргийн ангиудад зааварлан сургах зэрэг ухуулгын олон ажлыг хийж байжээ.

БНМАУ Анхны үндсэн хуулиа 16 жил дагаж мөрдсөн билээ.

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм.