Завхан аймаг, Сонгино сум Шар нуруу багийн “Цагаан дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт зүгт 275 км, сумын төвөөс урд зүгт 37 км/ Суудлын 3 автомашин цасанд сууж, шатахуунгүй болсон тухай дуудлагыг 02.24-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Toyota Land Criuser-80” загварын 3 зорчигчтой суудлын автомашин, иргэн Б-ийн “Mitsubishi Оuthlander” загварын 3 зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ.
Түүнчлэн Төв аймаг, Батсүмбэр сум 4 дүгээр багийн “Бургалтай” гэдэг газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Allion” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Мөн Хэнтий аймаг, Жаргалтхаан сум 3 дугаар багийн “Тавангийн-Энгэр” гэдэг газар суудлын автомашин цасанд сууж, хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон тухай дуудлага 02.25-ны өдрийн 05:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Daihatsu Hijet” загварын бага оврын ачааны автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.





