Монголын цагдаагийн байгууллага иргэнийхээ өмнө "хамгаалагч" биш "яргачин" болон хувирч буйг илтгэх нэгэн аймшигт дүр зураг олон нийтийн сүлжээг цочроолоо. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гарсан эрүү шүүлтийн кейс бол зөвхөн нэг алба хаагчийн ёс зүйгүй үйлдэл биш, ерөөсөө Монгол төрийн цагдаагийн систем бүхэлдээ "өвчилсний" тод илрэл юм.
Камерын өмнөх "Яргалал"
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас ил болгосон бичлэгт цагдаагийн алба хаагч Б гэгч иргэн М-ийг бусдын нүдэн дээр, бүр байгууллагынхаа угтах хэсэгт хэрцгийгээр зодож буй нь үлджээ. Толгой руу нь хэд хэд цохиж, шилбэ рүү нь унатал өшиглөж, улмаар камераас нуух гэж чирч байгаа тэрхүү дүр зураг "Хууль сахиулах" нэрийн дор хүний эрхийг хэрхэн уландаа гишгэж байгааг харууллаа.
Улс төрөөс хараат "Босоо" тогтолцоо
Цагдаа бол босоо удирдлагатай байгууллага. Дээрээ суудлаа засахгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгчээр ЦЕГ-ын даргын мэдрэмж, хүний эрхийн мэдлэг хороо дүүргийн хэсгийн төлөөлөгч дээр шууд тусдаг. Гэвч өнөөдөр энэ тогтолцоог улстөрчид өөрсдийн ашиг сонирхлын үүднээс эвдэж дууслаа.
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдыг тойрсон томилгоо үүний баримт. 2023 онд ажлаа өгсөн түүниййг Ерөнхий сайд Г.Занданшатар зөвлөхөөрөө ажиллуулж байгаад, эргүүлэн Цагдаагийн даргаар томилсон нь салбарын мэргэжлийн зарчмыг алдагдуулж байгаа тухай шүүмжлэл дагадаг.Угтаа бол Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар
20.1.Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө гэж заасан байдаг. Гэтэл Ж.Болдын хувьд Ерөнхий сайдын зөвлөх буюу улс төрийн албан тушаал хашиж байсан нь цагдаагийн албыг “улстөрийн сүүдэр” болгож байгаа гэх хардалтыг дагуулж байгаа юм.
Улстөрчийн зөвлөх хийж байсан хүн 3.5 сая иргэний аюулгүй байдлыг хангах "хараат бус" байгууллагыг удирдаж чадах уу? Энэ асуултын хариулт нь өнөөдрийн эрүү шүүлт, дур зоргоороо авирлагч цагдаа нарын үйлдэл юм.
Шинэчлэл хийх үү, Шүүрэн шанага хэвээр үлдэх үү?
Монголын цагдаад бодлогын томоохон шинэчлэл яаралтай хэрэгтэй байна. Улс төрөөс хараат байдал, "цүнх баригч" нарын томилгоо үргэлжилсээр байвал иргэний эрх зөрчигдсөөр байх болно. Цагдаагийн хувцас өмссөн бүхэн өөрийгөө хуулиас дээгүүр гэж андуурч буй энэ цаг үед хариуцлага, шинэчлэл хоёрыг хамгийн дээд түвшнээс нь эхлүүлэх цаг болжээ.





