• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “ЧИНГИС ХААН” ОДОНТ, АКАДЕМИЧ С. НАРАНГЭРЭЛД ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“ЧИНГИС ХААН” ОДОНТ, АКАДЕМИЧ С. НАРАНГЭРЭЛД ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 Монголын ард түмний мөнхийн бахархал, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган хууль зүйн салбараас анх удаа Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээсэн.

Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бодит амьдралд хэрэгжүүлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсад хууль зүйн өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан эрхэм түүний гавьяаг Монгол Улсын төр өндрөөр үнэлж, Төрийн дээд шагналаар нотлон баталгаажуулсан хууль зүйн салбарын хувьд бахархалт үйл явдал болсон бөгөөд “Чингис хаан” одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр (2025.11.25) хүндэтгэл үзүүллээ.

  Хүндэтгэлийн ёслолыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Хууль зүйн салбараас анх удаа Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр буюу академичаар өргөмжлөгдөж, эрх зүйн онолын суурь бүтээлүүдээ англи, орос, хятад, япон, герман, солонгос зэрэг хэд хэдэн хэлээр хэвлүүлж, олон улсад үнэлэгдсэн нь Таны судалгааны ажлын цар хүрээ, үнэтэй хувь нэмрийг илтгэн харуулдаг юм. Түүнчлэн, Та ардчиллын шинэ шатанд шилжсэн түүхэн цаг үед Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж, Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч зэрэг хариуцлагатай албыг нэр хүндтэй хашсан манай салбарын нэрт зүтгэлтэн юм. Эрхэм хүндэт Содовсүрэнгийн Нарангэрэл академич Та Монгол Улсын хууль зүйн салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн хуульчдын амжилтын бат бөх суурийг тавилцсан ховор өлзийтэй хувь хүн билээ. Иймд энд хуран цугласан хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа Танд дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, цаашдын эрдэм судлалын тань үйлст улам их амжилт, амьдралд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ.