Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.02) хуралдаан гишүүдийн 51.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр товлосон.
Эхлээд Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан энэ оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн байна. Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалахгүй, хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгааг илтгэлд дурдсан. Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалт, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, хамтын тээгч эхээр хүүхэд тээлгэх зохиомлоор үр суулгах нь гэр бүл өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулах гэх зэрэг шинэ тутам тулгамдаж буй асуудлуудыг өдгөө хэрэгжиж буй хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа гэв. Иймээс хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ.
Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байгаа аж.
Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах, эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалтай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгасан байна.
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгажээ. Гэрлэлт дуусгавар болсноос тусдаа амьдрах болсон эцэг, эсхүл эх хүүхэдтэйгээ уулзах, уулзуулах үүргийг хуульчилж, хүүхэдтэйгээ уулзахгүй, эсхүл хүүхэдтэй нь уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж, шийтгэл оногдуулахаар тусгаж, хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эх байх үүргийн биелэлтийг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох нь зүйтэй гэж үзжээ.
Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Мөн таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгасан гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж болохоор тусгасан байна. Хосууд хүсвэл ДНХ-ийн шинжилгээ өгөх боломжтой. Энэ нь 2028 оноос хэрэгжихээр тусгажээ. Учир нь хүн амын нэг хувийн ДНХ-ийн дата мэдээллийг цуглуулах бэлтгэл ажил хийх шаардлагатайг ажлын хэсэг онцоллоо.
Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилж байгаа аж. Хүүхдийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлийн талаар тусгасан гэв.
Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлах тохиолдолд буруутай гэрлэгчээс нөгөө тал сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгасан байна. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.
Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэх гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болбол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгажээ. Хуулийн төслийг дагалдуулан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 хуулийн төслийг боловсруулсныг С.Бямбацогт сайд танилцууллаа.
Түүнчлэн хуулийн төслийн 5.4 дэх хэсэгт “Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь анх удаа гэрлэж байгаа бол гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдах бөгөөд сургалтын агуулга, сургалтад хамруулах журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тусгасан. Энэ сургалтын гол зорилго нь анх удаа гэр бүл болж байгаа гэрлэгсдэд гэр бүлийн үнэ цэн, хүлээх үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл, ойлголт өгөх бөгөөд гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг хүүхдэдээ өвлүүлэх, оюун санааны дархлааг бэхжүүлэх зэрэг үүргийг шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд тусгаж байгаа гэв.
Тус хуулийн төсөлд туссан бас нэг чухал заалт бол Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчтэй болох юм. Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн асуудал нь Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулсантай холбоотойгоор олон улсын жишгийн дагуу бий болох мэргэжилтэн бөгөөд энэ шинжээч гэр бүл цуцлахтай холбоотой асуудал дээр гэр бүлийн нөхцөл байдлыг судлаад, шүүхийн бүтцэд ажиллан гэр бүл цуцлах үйл явц дунд хүүхдийн эрх ашгийг тэргүүн зэрэгт хамгаалах үүргийг хүлээх зохицуулалттай гэв. Шүүхийн ерөнхий зөвлөл болон гэр бүл, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ төрлийн хүний нөөцийг бэлтгэх үүрэг хүлээнэ хэмээн тус хуулийн төслийн ажлын хэсэг мэдээллээ.
Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ өгч тодорхойлолт гаргуулсан байх бол ДНХ-ийн удам зүйн шинжилгээг сайн дурын үндсэн дээр өгөх зохицуулалтыг тусгасан байна. Холбогдох зардлыг өөрсдөө төлөх үүрэгтэй гэв.
Ийнхүү төрөөс сургалт, шинжилгээ шаардах нь нэг төрлийн бизнесийг төрөөс бодлогоор дэмжиж байгаа хэлбэр хэмээн үзэж буйгаа Д.Пүрэвдаваа гишүүн илэрхийлээд, өргөн дэлгэр газар нутагтай манай улсын хувьд аливаа төрлийн шинжилгээ, сургалтыг шаардах нь, гэрлэлтээ цуцлуулах явц зэрэг нь иргэдэд ихээхэн дарамт үүсгэх эрсдэлтэй хэмээн үзэж буйгаа тайлбарласан. П.Сайнзориг гишүүн ургийн овгийг нэг удаа улс даяар шинэчлэн тогтоох арга хэмжээг өрнүүлэх санал хэлээд тодруулан тайлбарлав. Иргэний улсын бүртгэлийн хуулийн зохицуулалтаар иргэн нэг удаа ургийн овгоо өөрчлөх эрхтэй байдгийг ажлын хэсгээс тайлбарлаад энэ зохицуулалтын хүрээнд ургийн овгоо цэгцлэх боломж бий гэж үзээд, хуулийн төслүүдэд энэ талаар ямар нэг зохицуулалт тусгаагүй гэв. Түүнчлэн гишүүний тодруулсны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний нэг төсөл болох эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлж буй гэр бүл (Foster family/асралт гэр бүл)–ийн харилцааг хуульчлахаар төсөлд тусгасан гэдгээ ажлын хэсэг танилцуулсан. Уг харилцааг гэрээгээр зохицуулах, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн эд хөрөнгийг зарцуулах, хамгаалах, тэтгэмж, тэтгэлэг түүнтэй адилтгах орлогыг зарцуулалтад хяналт тавих зэргийг энэхүү хуулийн төслөөр зохицуулахаар тусгасан бөгөөд бусад нарийвчилсан зохицуулалтууд Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хэрэгжихээр тусгажээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг эхлээд төрөл садны асаргаанд гэр бүлийн орчинд шилжүүлэх, боломжгүй гэж үзвэл асралт гэр бүл, бүр боломжгүй тохиолдолд асрамж халамжийн газарт харьяалуулан үйлчилгээ үзүүлэхээр заасан байгаа гэлээ. Асралт гэр бүл хэмээн хуулийн төсөлд тодорхойлсон харилцааг зохицуулах нарийвчилсан зохицуулалт байхгүй байгааг П.Сайнзориг гишүүн онцолж байв.
Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэг бүрчлэн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.





