Шүүхээс ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг 30 хоног, түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж, шийдвэрлэжээ. Тэднийг хуулийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сарын 19-нд яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан байдаг. Үргэлжлүүлэн тэдний цагдан хоригдох хугацааг ийнхүү дахин сунгаж шийдвэрлэжээ.
ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын "Эксим" банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн АТГ-ын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон гэсэн юм.





