• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хонг Конгийн орон сууцны хороололд түймэр гарч, 44 хүн амь үрэгдээд байна

Хонг Конгийн орон сууцны хороололд түймэр гарч, 44 хүн амь үрэгдээд байна

2025 оны 11 дүгээр сарын 26-нд буюу өчигдөр Хонг Конгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах Wang Fuk Court орон сууцны хотхонд их хэмжээний гал гарчээ. Ойролцоогоор 2000 гаруй өрхтэй тус хотхонд 4600 хүн оршин суудаг байжээ. Гал түймрийн улмаас 44 хүн нас барж, 100 гаруй хүн бэртэж, 270 орчим хүн сураггүй болоод байна гэж Хонг Конгийн Засгийн газар болон онцгой байдлаас мэдээллээ. Гал түймэр орон нутгийн цагаар өдрийн 2:51 цагт эхэлж, 3:34 цагт 4-р зэрэгт хүрсэн байна. Галыг унтраахаар 700 гаруй гал сөнөөгч ажиллаж хэд хэдэн гал сөнөөгч бэртэж, нэг аврагч нас баржээ. 

Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар засварын ажлын үеэр барилгын цонхыг хааж тавьсан полистрол хавтан болон барилга хооронд тавьсан хулсан шат галыг илүү хурдан тархах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзсэн байна. Өнөөдөр өглөөний байдлаар орон сууцны хотхоны зарим блокоос утаа гарсаар байгаа бөгөөд уг гал түймэрт засвар үйлчилгээ хийж байсан гурван хүнийг сэжиглэн баривчилжээ.