2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлээд 10 гаруй хоног өнгөрч байна. Гэтэл Ерөнхий Боловсролын сургуулиуд сурах бичгээ бүрэн тарааж дуусаагүй байна. Тарааж буй сургуулиуд хүүхдүүдэд сугалаа сугалуулж сурах бичгээ хуваарилж байна. Учир нь нэг ангид сурах хүүхдийн тоо 60-65 байгаа нь стандартаас давсан тоо юм. Хүүхдүүдийн тоо нэмэгдэхтэй зэрэгцээд сурах бичгийн хомсдол үүсээд багагүй хугацаа өнгөрсөн ч жилийн жилд сурах бичгийн хүрэлцээний асуудал чих халууцуулдаг.
Бид Нийслэлийн дунд сургуулийн 72-р сургуулийг зорьж сурагчдаас сурах бичгийн хүрэлцээ ямар байгаа талаар тодрууллаа. Сурагчид 18 мянгаас 30 мянган төгрөгийг номын түрээс гэж хураалгадаг. Ингээд зарим анги сурах бичгээ тараасан ч сурах бичиг хүрэлцээгүй байгаагаас ном авч чадаагүй хүүхдүүд үлджээ. Харин зарим ангиуд тав дахь өдрөөс сугалаа сугалуулж сурах бичгээ хувиарлахаар төлөвлөжээ.
Сурах бичиггүйүлдсэн хүүхдүүд ангидаа хичээл хийх боломжгүй. Учир нь гар утсыг нь хурааж авдаг. Гэртээ хариад хичээл хийхдээ medle.mn сайтаар орж даалгавраа хийх боломжтой ч цаасан ном, цахим ном хоёрын агуулгаа заримдаа зөрдөг. Түүнчлэн цаасан ном харах, цахим ном харахад анхаарал төвлөрөх, ойлгох чадварт нөлөөлдөг гэв.
Тэгвэл албаны хүмүүс юу ярив?
Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир
“Нэг ангид цөөн тооны сурах бичиг хуваарилагдсан тохиолдолд сугалаагаар шийдэж болохгүй. Сугалааны цаана бүтэн өнчин хүүхэд, асрамжийн газарт амьдарч буй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд зэрэг зорилтот бүлгийн хүүхдүүд хоцорч, үнэ төлбөртэйгөөр ашиглахаас өөр аргагүйд хүрвэл яах вэ гэдэг асуудал гарна. Иймд тэдгээр сургуульд зөвлөн тусалж, зорилтот бүлгийн хүүхдүүдээ эхлээд тодорхойлон үнэ төлбөргүй ашиглуулах ёстой. Дараа нь байгаа нөөцдөө суурилж түрээсээр ашиглуулах боломжоо гаргана”
Гэвч бодит байдал дээр сурагчид сугалаа сугалсаар л байна.
Түүнчлэн сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сургуулийн номын сангаараа дамжуулан төлбөртэй ашигладаг. Ингэхдээ зорилтот бүлгийн хүүхдүүдийг сурах бичгээр үнэ төлбөргүй ашиглуулна. 2-5 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг есдүгээр сарын 1-нээс өмнө нийслэл болон аймгуудад хүргэсэн. Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөрийг өнгөрсөн долоо хоногт хүргэсэн бөгөөд бусад сурах бичгийг энэ долоо хоногт бүрэн хүргэж ажиллана. Дунд, ахлах ангийнхны хувьд Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2.1-20.2.7-д хамаарах хүүхдүүд үнэ төлбөргүй, түрээсээр болон худалдан авч сурах бичиг ашиглах гэсэн гурван боломж бий.
2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 351,216 багц сурах бичиг ашигласан нь сурагчдын 80 хувийг сурах бичгээр хангасан гэсэн үг аж.
Сурах бичгийн ашиглалтын хугацаа дөрвөн жил бөгөөд цар тахлын үе таарч, ашиглагдаагүй өнжсөн учраас 2019-2020 онд хэвлэгдсэн сурах бичгүүдийн ашиглах хугацааг хоёр жил сунгасан. Харин энэ хугацаа энэ жил дууссан бөгөөд 47 хувийг нь акталжээ.
2025-2026 оны хичээлийн жилд
· I ангид 80,000
· II ангид 24,000
· III ангид 24,000
· IV ангид 23,000
· V ангид 22,000
багц сурах бичгийг ашиглана.