Д.Бат-Орших: Хүүгээ төрөхөд өөрийн эрхгүй асгартал уйлсан

Д.Бат-Орших өнөөдөр анхныхаа хүүг ЭХЭМҮТ-ийн гадаа догдлон хүлээж байхтай бид таарлаа. Тэрээр 25 настай. Төв аймгийн Эрдэнэсант суманд өсч төржээ. Найзыгаа дагаж Говь-Алтай руу явах үедээ эхнэртэйгээ танилцсан. Түүний гэргийг Б.Уранзаяа гэдэг. Тэд хүүгээ 9-р сарын 22-ны өдөр өлгийдөн авчээ. Харин өнөөдөр /2025.09.26/ Д.Бат-Орших эхнэр, хүүхдээ тосч авахдаа гэнэтийн бэлэг барихын тулд “Khaant turning club”-ийн залуусаасаа тусламж гуйжээ. Тэд хамтдаа сарын өмнөөс төлөвлөж, бэлтгэсэн байна.

Өнөөдөр тус клубын залуус өнгө өнгийн бөмбөлгөөр машинаа чимэглэж, Д.Бат-Орших цэнхэр туузаар чимэглэсэн том цэцгийн баглаа барисаар анхны хүүгээ сэтгэл догдлон хүлээж байгаа нь энэ. “Khaant turning club”-ийн залуус найман машинаа эгнүүлэн зогсоно. Тэр машинууд дунд “Күүл аав” гэсэн бичигтэй хун цагаан ганц машин байсан нь шинэхэн аав Д.Бат-Оршихынх. Тэрээр нэг газраа тогтож ядан, инээмсэглэл тодруулсаар зогсоно. “Аав болох мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй юм байна лээ. Их гоё байсан. Өөрийн эрхгүй л уйлдаг юм байна лээ дээ, аав болоод…” гээд л инээмсэглээд, дуугаа хураана. Түүний энэ баяр, догдлол үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй гэнэхэн, гэгээхэн, хайр гэрэлтүүлэм юм.

Хайртай гэргий, хөөрхөн хүүг нь хамтдаа тосохоор ирсэн нөхөд нь ч инээмсэглэн, аз жаргалтай дурсамжууд, баяр хөөрөө бидэнтэй хуваалцлаа.

Khaant” клубийн гишүүн Б.Билэгжаргал “Нэг гэр бүлд хүн нэмэгдээд, аз жаргал нь ирж байхад ингээд хуваалцаад зогсоход сайхан байна. Энэ баярт мөчийг нь хуваалцахаар би эхнэр, хүүхдүүдтэйгээ ирлээ. Манай клубийнхан бас бөөнөөрөө байна. Найз охиноо дагуулаад ирсэн ч хүмүүс байна. Би аав болох үедээ клубдээ хараахан элсэж ороогүй байсан. Харин одоо ингээд нэгнийхээ жаргалтай мөчийг хуваалцах сайхан байна” гэв. Харин “Khaant” клубын үүсгэн байгуулагч О.Цолмонбаатар “Бид Д.Бат-Оршихынхоо эхнэр, хүүг клубийнхнээрээ ирээд тосч авах гээд зогсож байна. Хүүг нь төрөхөөс сарын өмнөөс бид нар клубээрээ ярилцаад, хамтдаа хүлээж авцгаая гэж төлөвлөсөн. Өнөөдөр өглөө 9 цагаас цугларсан. Өнөөдөр боломж бололцоогоороо ажлаа зохицуулаад ирсэн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна” хэмээв. Тэд өглөө 9 цагаас ЭХЭМҮТ-ийн гадаа цугларчээ. Биднийг очих үед 15 цаг болсон байлаа. Тэд үндсэндээ 8 цагийн турш ээж, хүү хоёрыг хүлээжээ. Гэвч ядарсан, төвөгшөөсөн хүн огт байсангүй. Бүгд л бие биендээ хань түшиг болж зогсоно.

Удалгүй Д.Бат-Оршихын утас дуугарав. Эхнэр Б.Ууганзаяа нь хүүгийнхээ бичиг баримтыг бүрдүүлж, үзлэгт орж дуусчээ. Энэ мэдээг сонсоод Д.Бат-Орших хар эрчээрээ эргэлт гэсэн хаалга руу гүйчихэв. Ингээд удалгүй Д.Бат-Орших хүүгээ тэвэрч, эхнэрээ хөтөлсөөр гарч ирлээ. Тэдний хүсэн хүлээсэн мөч ирж, хамтдаа шинэ хүнээ угтан авлаа. Д.Бат-Орших эхнэртээ нямбайлан бэлтгэсэн цэнхэр цаасаар ороосон том цэцгийн баглаагаа бэлэг болгон барив. Тэрээр дотроо багтаж ядсан, илэрхийлж чадахгүй байгаа энэ их хайраа эхнэртээ цэцгийн баглаагаар дамжуулан, чадан ядан илэрхийлж байгаа нь энэ.

Шинэхэн ээж Б.Уранзаяа инээмсэглэл тодруулан, догдлон зогсоно. “Эхлээд цонхоор ханийнхаа хамт олонг харсан. Өнгө өнгийн бөмбөлгөөр чимсэн машинууд харахад маш сүртэй, гоё харагдаж байсан. Ханийнхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлье ээ” гэв. Мөн анх ээж болсон мэдрэмжээ хуваалцахдаа “Надаас ийм хөөрхөн хүүхэд гарчихаж байгаа юм уу гэж бодсон. Бүх юм нь жижигхэн. Одоо бол харах тусам бүр хайр хүрээд байгаа шүү дээ. Нөхөр маань төрсний дараа орж ирсэн. Хүүгээ хараад бөөн баяр байсан, үнсээд л. “Миний хүү, миний хүү” гээд л байсан” хэмээн жаргалтай мөчөө хуваалцлаа. 

Khaant клубын залуусын нэг болох М.Цэрэндаш тэдний энэ мөчийг хараад өөрт удахгүй ирэх баяр жаргалыг бодон сууна гэв. Тэрээр “Одоохондоо хийж бүтээх зүйл их байна. Найз охинтойгоогоо хоёулаа ярилцаад л хүүхэдтэй болно доо. Үе тэнгийн хүмүүс маань аав болж байгааг харах их гоё байна, түүнийг нь хараад маш их баярлаж байна. Хэзээ нэгэн цагт надад ч бас ийм жаргалтай өдөр тохиох байх. Тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна” хэмээв.

 “Хүүгээ анх төрөхөд нь баярын нулимс унагаасан. Өөрийн эрхгүй л уйлаад байдаг юм байна лээ. Хүүдээ Б.Оргил-Эрдэнэ гэдэг нэр өгнө гэж бодсон байгаа. Бүх зүйлийн оргилд нь хүрээрэй гэсэн билэгдлээр энэ нэрийг өгч байгаа. Манай клубийнхан хүсэлтийг маань маш уриалгахан хүлээж авч ирсэнд маш их баяртай байна. Бид чинь нэгнийхээ баяр дээр очиж баярт мөчийг нь хуваалцдаг. Зовлон, уй гашуу тохиолдоход ч биенээ түшиж тулдаг. Хүүг маань төрөхөд гэр бүлийнхэн маань хамт байлаа. Одоо тосоход хамт олон маань хамт байна. Энэ дашрамд хэлэхэд хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Аав болоод маш том үүрэг хариуцлага мэдрэгдсэн. Үр хүүхдийнхээ төлөө цаашдаа илүү их хичээнээ” хэмээв. Цэнхэр цэцгийн баглаа тэвэрсээр зогссон шинэхэн аав Д.Бат-Оршихын сэтгэлийг тэр цэцгийн баглаатай зүйрлэж болмоор санагдсан. Өөрийнхөөрөө, өнгө өнгөөр гэрэлтсэн ч хэзээ ч үл хувирах хайраа илэрхийлж буй мэт сэтгэл дүүрэн инээмсэглэнэ. Хүүгээ тэвэрсээр зогсохдоо байн байн өхөөрдөн үнэрлэх аав. Эхнэрээ хайрын харцаар ширтэх аав. Тийм ээ, тэр бол шинэхэн аав Д.Бат-Орших.

Хүн бүр өөр өөрийн амьдралд, өөр өөрийн гэсэн амьдралын өрөөндөө амьдарна. Өнөөдөр бид Д.Бат-Оршихын өрөөгөөр зочиллоо. Тэрээр ганцаараа ирсэн хорвоог хосоороо туулахаар шийдэж, хайраас дэлбээлсэн үрээ тосон буй аз жаргалтай мөчтэй нь бид ийнхүү таарлаа. Тэдний баяр догдлолд бид уусан шингэж, хамтдаа догдлон хөөрсөөр энэ өдрөө дүүрэн хайраар гэрэлтүүллээ. Та ч бас тэдний хайрын гэрэлд сэтгэлээ гэрэлтүүлээрэй. Монголын маань гэр бүл бүхэн аз жаргалтай байж, энхрий үрс маань эрүүл энх бойжих болтугай.

Сэтгүүлч: О.Болор-Эрдэнэ