• Нүүр
  • ТҮҮНИЙ ӨРӨӨ
  • 75 настай, Д.Энхтуяа: Залуустай мөр зэрэгцэн ажиллаад өөрийгөө 18-т шиг санадаг

75 настай, Д.Энхтуяа: Залуустай мөр зэрэгцэн ажиллаад өөрийгөө 18-т шиг санадаг

Хаалгаар нь оронгуут орчин үеийн хэв маягтай, халуун дулаан орчин биднийг угтлаа. Энэ бол “Blue Bull хэмээх ресторан. Халуун тогооны хоолоор иргэдэд үйлчилдэг. Үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн тасрахгүй. Тэгсэн хэрнээ аядуу тайван энэ газар бид энэ удаагийн “Түүний өрөө” булангийнхаа гол дүртэй уулзахаар зорьж ирсэн нь энэ. Түүний өрөө ямар байх бол...

Түүнийг Д.Энхтуяа гэдэг. Тэрээр 75 настай. Гэхдээ түүний насыг 75 гэж таахад бэрх. Учир нь тэрээр маш хөнгөн шаламгай, хурдан хөдөлгөөнтэй. Инээмсэглэл тодруулан өмнөх ажлаа “амтархан” гэгч хийнэ. Д.Энхтуяа тус ресторанд угаагчаар ажлаад нэг жил 6 сар болж байна. Одоогоос 19 жилийн өмнө буюу 2006 онд тэтгэвэртээ гарсан. Тухайн үеийн Гэгээрлийн яаманд, дараагаар нь 114-р сургуульд үйлчлэгчээр ажиллаж байжээ. Тэтгэвэрт гарснаасаа хойш тасралтгүй хувийн хэвшлүүдэд ажилласан. Тэрээр 60 орчим жил тасралтгүй ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ 5 хүү төрүүлж өсгөжээ. Одоо хүүхдүүд нь бүгд эрийн цээнд хүрч, тус тусдаа амьдрал зохиосноос гадна ач гуч нар нь ч том болжээ. Түүний ажил өглөө 10 цагаас орой 10 цаг хүртэл үргэлжилнэ. “Өглөө хамгийн түрүүн ирдэг. 10-аас ажилтай гэхэд Д.Энтуяа эгч маань 8 цагаас ирчихсэн л хүлээж байдаг. Маш хариуцлагатай. Өөрийгөө эмээ гэж хэлүүлэх дургүй, хөгшин гэж ч хэлүүлэх дургүй. Эрч хүчтэй эмэгтэй” гэж тус рестораны ахлах тогооч Б.Уянга түүний талаар бидэнтэй хуваалцлаа.

Д.Энхтуяа хоёр хоног ажиллаад хоёр хоног амардаг. “Энэ газраа багадаа 5 жил ажиллахаар төлөвлөсөн. Санаа байвал сачий хүрнэ дээ. Бодож явбал, санаж явбал. Өөрөө өөдрөг явбал болж бүтэхгүй зүйл гэж үгүй. Хүн өөдрөг л явах хэрэгтэй. Зарим хүмүүс намайг ажил хийж яадаг юм. Одоо боль гэдэг, би болихгүй ээ” хэмээн тас тас хөхөрнө.

Тэрээр тэтгэврийн мөнгөө буухыг хүлээлгүй цалингаасаа дуртай амттанаа авч идэх хамгийн гоё мэдрэмж байдаг гэлээ. Өглөө, орой ажилдаа ирж явахад нь хүүхдүүд нь Нисэхээс ээлж дараалан ээжийгээ зөөдөг байна. Орой 10 цаг 15 минутаас ирж аваарай гэж ээж нь захиалга өгнө. Хүүхдүүд ч авахаар ирэхэд заавал ажлын талбар болох угаалгын хэсгээ цэвэрлэж дуусгаад, ханыг нь хүртэл угаачихаад харьдаг байна. Учир нь “Энэ бол миний хоёр дахь гэр. Гэр орон минь цэвэрхэн байх сайхан шүү дээ” гэж тэрээр сэтгэл дүүрэн ярина.

“Би тэтгэвэрт гарсан, би настай хүн гэж бодоод байвал хүн бодоод л байна шүү дээ. Тэтгэвэрт гарлаа, хөгшин байна гэж боддоггүй. Би чинь залуу шүү дээ. 19, 20-той гээд л энэ хэдтэйгээ зэрэг инээлдээд л, ханиалдаад л явдаг. Залуучуудтайгаа ажиллахад сайхан байна. Энд би нас нэмж байгаа шүү дээ. Эд нартайгаа баяр цэнгээн, янз бүрийн зүйлсэд оролцоно. Караоке орохоороо “оръё, оръё” гээд намайг дуудаад, энэ хэдийгээ сонсоод, тэгээд хамтдаа явж байхад сайхан. Эд нар намайг ядарлаа суу гээд тэгдэг юм. Би ердөө сууддаггүй юм. Хааяа нэг хүн юм гэсэндээ хоол унд идэхдээ л суудаг. Өөрөө ажиллаад, өөрөө цалингаа аваад явна. Ямар дарга авчихаж байгаа биш. Би цалингаа аваад л өөртөө зарцуулна шүү дээ. Гэртээ нэг цагаан даавуу ч гэсэн, нэг гэрийн бүрээс ч гэсэн авахаа бодно" хэмээв. 

“Настай хүн гэхэд ерөөсөө түүртдэггүй. Бид нар хүртэл хажууд нь “Ёо ёо” гэж хэлэхээсээ хүртэл ичээд байдаг. Ер нь бол настай хүн гэхэд маш идэвхтэй. “Ядарч байна уу эмээ” гэхээр “Үгүй ээ, ядрахгүй байна” гэдэг хэмээн тус рестораны бэлгэгч Д.Баянхутаг ярилаа. Мөн энэ газрын хамгийн залуу, 17 настай зөөгч охин Б.Мөнхболор “Эмээ их хөөрхөн ааштай, сэтгэлээсээ ажлаа хийдэг. Маш олон зүйлийг үлгэрлэн суралцаж байгаа” гэдгээ бидэнтэй хуваалцсан юм.

75 настай угаагч эмээ Д.Энхтуяа. Түүний өрөө жижигхэн хэрнээ дулаахан, эрч хүчтэй, одоогоороо байх, өөрөөрөө байх ямар тав тухтай бас аз жаргалтай байдаг вэ гэдгийг мэдрүүлэн энгийнээс энгийн мөртлөө эгэлгүй оршиж байна.