• Нүүр
  • Social Room
  • Москва хотын төвд жанжин Д.Сүхбаатарт зориулсан дурсгалын самбар байрлаж байна

Москва хотын төвд жанжин Д.Сүхбаатарт зориулсан дурсгалын самбар байрлаж байна

Москва хотын төвд байрлах “Метрополь” зочид буудлын хананд жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбар байрлаж байна.

Д.Сүхбаатар, С.Данзан тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны 11-р сарын 5-ны өдөр тус “Метрополь” зочид буудалд “Монгол-Оросын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай Монгол Улс, Зөвлөлт Орос Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г байгуулах хэлэлцээ хийсэн түүхтэй.

Энэхүү дурсгалын самбарт “Энэ байранд 1921 оны 11-р сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс, Монгол Улс хооронд найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээ болсон бөгөөд уг хэлэлцээнд МАХН болон Монгол Ард Улсыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар оролцсон” гэж бичиж, БНМАУ, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Төрийн сүлдийг сийлжээ.

Гэрээг байгуулсны 50 жилийн ойгоор буюу 1971 онд тус зочид буудлын хананд дурсгалын самбарыг байрлуулсан байна. Дурсгалын самбарыг ЗХУ-ын ухан барималч Г.А.Огнев, зураг төслийн инженер Г.А.Мурадов нар бүтээжээ.

Монгол Улсын дээд, өндөр түвшний төлөөлөгчид Москва хотод зочлох үеэрээ тус дурсгалын самбарт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.