Дулаан сэтгэлээ халуун боорцгоор дамжуулан түгээгч бүсгүй

Намрын сэрүүн өдөр нэг сэдвээс нөгөө сэдэв рүү яаран хурдлах замд сэтгэл дулаацуулах нэгэн хаяг нүдэнд торлоо.

Энэ бол “Гэрийн халуун боорцог” байв. Тогтож харвал энгийн, нэг давхар цагаан байшин. Гэвч иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй. Жолоочоо түр зогсохыг хүсээд, зураглаачтайгаа хамт сониучирхсан газраа зорилоо.

Шинэхэн боорцогны үнэр сэтгэл дулаацуулж, өөрийн эрхгүй тайвшралыг мэдрүүлэн хөтөлсөөр гэрийн халуун боорцог хийдэг бяцхан мухлаг руу орлоо. Хаалгаар ортол “Сайн байна уу” хэмээн инээмсэглэн нэгэн эмэгтэй биднийг угтсан юм. Өнөөдөр бид түүний өрөөгөөр зочилно.

Түүнийг З.Мөнгөнцэцэг гэдэг. Тус бичил цехээ ажиллуулаад 5 сар болж байна. 0-16 насны дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь гэрийн боорцог идэх дуртай учраас зах, худалдааны төвүүдийг зорьж очиж боорцог авдаг байжээ. Ингэж явсаар нэгэн өдөр “Ер нь яагаад өөрөө хийж болохгүй гэж?” гэсэн бодол орж иржээ. Улмаар тэрээр нэг, нэг кг-аар гурил зуурч, олон янзын жор туршиж үзжээ. Хийсэн боорцог бүрээ амталж, юуг нэмэх үү, юуг хасах уу хэмээн эрэлхийлсээр өнөөдрийн хийж байгаа “Гэрийн халуун боорцог” хэмээх өөрийн нэрийн брэндээ хийж эхэлсэн. Хүүхдүүд нь “Ээжийн хийсэн боорцог л гоё” хэмээн худалдааны боорцог талх огт идэхээ больжээ. Түүний өдөр бүр уйгагүй туршсан жор нь хүүхдүүдэд зориулагдсан. “Гэрийн боорцгийг бүр гоё амттай, хүүхдүүд идэхэд зориулж хийхийг хүссэн. Ингэхдээ идэхэд зулгаагдахгүй, зөөлөн байх хэрэгтэй. Мөн гэртээ авч очоод 2-3 хоносон ч хатахгүй байх технологийг эрэлхийлсээр өнөөдрийн боорцгийн жороо олсон” хэмээн тэрээр ярилаа. 

Ингээд өөрийн амьдардаг Хайлаастад “Гэрийн халуун боорцог” мухлагаа нээсэн. Өглөө хамгийн түрүүн гүйж орж ирдэг үйлчлүүлэгчид нь цэцэрлэгийн багачууд. “Эгчээ надад боорцог” гэсээр яаран орж ирээд хоёр халаасандаа боорцог дүүргэж аваад явдаг. Орой цэцэрлэгээ тараад мөн л “эгчээ боорцог авъя” гэсээр халаасандаа хийж аваад додигор харьдаг байна.

“Хүн урам орох тусмаа боорцгоо яаж илүү гоё хийх вэ гэж эрэлхийлдэг юм байна лээ. Энэ хавийнхан маань манай боорцгонд бүгдээрээ дуртай. Хайлаастынхандаа намайг дэмждэгт баярлалаа. Надаас аваад байна гэдэг нь дэмжээд байна гэсэн үг байхгүй юу. Намайг дэмжээд худалдан авалт хийдэг бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн З.Мөнгөнцэцэг халуун дотноор инээмсэглэнэ. Өвөө, эмээ нар ч “Гоё өрөмтэй иднээ, халуун боорцгоо” гэсээр зорин ирж авдаг байна.

Тэрээр гэрийн боорцог хийхээс гадна хэрчсэн гурил үйлдвэрлэдэг. Зөвхөн өөрийн энэ бяцхан цехдээ үйлдвэрлэн худалдаалдаг. Дэлгүүрүүдэд нийлүүлэх бодолгүй байдаг. Учир нь өглөө хийсэн бүтээгдэхүүнүүд орой борлуулагдаад дуусдаг. Үргэлж шинээрээ. Бүтээгдэхүүнээ үргэлж шинээрээ байлгах нь түүний бас нэгэн зорилго. 

Орой ажлаа тараад гэрийн эзэгтэй нар хоолныхоо гурилыг аваад харьдаг байна. “Манай бүсгүйчүүд их завгүй шүү дээ. Гэртээ боорцгоо хийх завгүй. Гурилаа бэлдэх завгүй. Зам дээр түгжрээд гэртээ зарцуулах ихэнх цагаа авдаг учраас манайхаас боорцог, гурилаа байнга авна. “Гэртээ хийж амждаггүй ч танайд үйлдвэрлэсэн болохоор гэртээ хийснээс ялгаагүй сайхан байдаг аа” гэж хэлдэг. Бүсгүйчүүддээ бага ч болов уу тусалж байгаадаа баяртай байдаг” гэв.

Биднийг 13 цагийн үед очиход өглөө бэлдсэн хэрчсэн гурил нь аль хэдийн дууссан байлаа. Үргэлжлүүлээд тэрээр хэрчсэн гурилаа бэлтгэнэ. Учир нь ажлаа тарсан хүмүүс ирж хоолныхоо гурилыг авна. Энэ мухлагийн оргил ачааллын үе 18-19 цагийн үе. Урт дараалал үүснэ. Боорцгуудаа савлаж амждаггүй болохоор нэг, нэг кг-аар савлаад бэлдчихдэг гэсэн юм. 

Биднийг үүдээр нь ороод л өөрсдийгөө танилцуулж дуусаагүй байхад З.Мөнгөнцэцэг гэрийн халуун боорцгоороо биднийг дайлсан. Сэрүүн өдөр гар жиндүү хүйтэн байсныг ч хэлэх үү халуун боорцог барихад л дулаацаж эхэлсэн. Амталсны дараа давхар сэтгэл дулаацсан. Ийм их сэтгэлээр, урмаар хийдэг болохоор л түүний хийсэн боорцог ийм амттай байж, олон хүний сэтгэлд хүрсэн байх даа гэж бодогдоно.

Тэрээр бяцхан цехийн үйл ажиллагаа тогтворжсоны дараа дахин нэг мухлаг нээх зорилготой. Ингэхдээ бас нэгэн гэр хороололд, буйдхан газрын иргэдэд зориулж гэрийн халуун боорцгоо үйлдвэрлэхийг хүсдэг. Гэхдээ массаар буюу их хэмжээгээр үйлдвэрлэж дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдан борлуулахгүй. Харин зөвхөн өөрийн бяцхан цехээр дамжуулан халуунаар нь, шинэхнээр нь хүмүүсийн гарт хүргэхийг хүсдэг.

Энэ бол дөрвөн хүүхдийн ээж ээж З.Мөнгөнцэцэг. Дулаан сэтгэлээ халуун боорцгоороо дамжуулан бусдад түгээдэг эмэгтэй. Түүний "өрөө" хайраар дүүрэн. Урмаар дүүрэн. Итгэлээр дүүрэн юм. Бусдад өгч чаддаг хүн авч чаддаг гэдэг. Тэрээр бусдад хөдөлмөр зүтгэлээ шингээсэн бүтээгдэхүүнээ өгч чадсан учраас эргээд олон олон үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээжээ. Түүний боорцогны жор нууц ч гэлээ сэтгэлийн жор нь ил. Хүн бүр өөр өөрийн өрөөндөө төвхнөн амьдарч байгаагийн нэг нь З.Мөнгөнцэцэг юм. Тэрээр дулаан сэтгэлээ халуун боорцгоороо дамжуулан түгээгч нэгэн ажээ.