• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг баталлаа

ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг баталлаа

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг баталлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж, түүхэн бүтээн байгуулалтын шанг татаж байна.
 
Уг төсөл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой стратегийн бүтээн байгуулалт юм. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу шат дараатайгаар зохион байгуулагдсан. Ийнхүү өнөөдөр НИТХ-аас гэрээ байгуулах эрхийг олгосноор төслийн хэрэгжилтийн бодит ажил эхлэх нөхцөл бүрдлээ.
Төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болохоос гадна инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зэрэг олон талын үр өгөөж үзүүлэх юм.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг төсөл зөвхөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах төдийгүй Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх суурийг тавьж, цаашид эрчим хүч, тээвэр, ус хангамж, хог хаягдлын менежмент зэрэг бусад дэд бүтцийн мега төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж байна.