Энэ жилийн "Бүргэдийн баяр" Олон улсын болж цар хүрээгээ тэлнэ

Бүргэдийн баяр гуравдугаар сарын 7-8-ны амралтын өдрүүдэд Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 20 дахь жилдээ болно. Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон бүргэдийн баяр зохион байгуулагддаг.

Энэ жил "Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа олон орны бүргэдчид уригдан ирж Олон улсын Бүргэдийн баяр болж цар хүрээгээ тэлж буйгаараа онцлогтой хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. Өнгөрсөн жилийн бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцсон бол энэ жил илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах аж.

Тус өдрүүдэд Чингис Хааны хүрээ рүү Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос автобусаар үнэ төлбөргүй үйлчлэнэ. Харин "Бүргэдийн баяр-2026" арга хэмжээний тасалбар 15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.