• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Баяндун суманд сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ

Баяндун суманд сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багаас сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр энэ сарын 19-ний өдрөөс түр зогсоогоод байсан билээ.

Аймгийн Засаг дарга Ш.Ёл эрэн хайх ажиллагааг өнөөдрөөс эхлэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжлүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Үүнд:

  • Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Мөнхбаяр,

  • Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Мягмардорж,

  • Баяндун сумын Засаг дарга Х.Батбаатар,

  • Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулга нарт даалгасан байна.

Мөн өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг Баяндун суманд ажиллах юм. Энэхүү эрэн хайх ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатад үүрэг болгов.

Ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд хүн хүчний нөөцийг нэмэгдүүлж, Баян-Уул сумын Онцгой комисс, үнэрч нохой болон дроныг ашиглан хайлтын бүсийг өргөжүүлэхээр шийдвэрлэжээ.

Аймаг, орон нутгийн зүгээс эрэн хайх ажиллагаанд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бүрэн ханган ажиллах юм.