Зэсийн баяжмалын экспорт 70 хувиар саатлаа

Зэсийн баяжмал нь Монгол Улсын экспортын орлогын гол эх үүсвэрүүдийн нэг. Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол тулгуур болсон зэсийн баяжмалын тээвэрлэлт энэ оны аравдугаар сарын 15-наас хойш огцом саарчээ. БНХАУ-ын тал хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийг бүрэн хүлээн авахгүй байгаагийн улмаас экспортын биет хэмжээ 70 орчим хувиар буураад байна. Тодруулбал, өдөрт дунджаар 13 автомашин хил нэвтэрдэг байсан бол өдгөө Хятадын тал ердөө 4 тээврийн хэрэгслийг татан авч, үлдсэн 9-ийг нь нэвтрүүлэхгүй байгаа аж.

Уг саатлын улмаас сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд л гэхэд 300 гаруй сая ам.долларын экспортын орлого тасалдсан тооцоо гарчээ. Хэрэв үүссэн нөхцөл байдал он дуустал үргэлжилбэл 1 тэрбум гаруй ам.доллар буюу 3.6 их наяд төгрөгийн экспортын орлого тасрах бодит эрсдэл нүүрлээд байна.

Төсөв болон макро эдийн засагт учрах эрсдэл: Зэсийн баяжмал нь гадаад валютын албан нөөц, төсвийн орлогын гол цөм болдог. Тээвэрлэлтийн удаашрал нь дараах сөрөг үр дагавруудыг бий болгож болзошгүй

  • Төсвийн татварын орлого тасалдах: Уул уурхайн томоохон ААН-үүдийн борлуулалт хумигдсанаар улсын төсөвт төвлөрөх татвар, төлбөр, хураамж буурна.
  • Валютын урсгал саарах: Гадаад валютын орлого хумигдсанаар төгрөгийн ханшийн тогтвортой байдалд дарамт үүсэх магадлалтай.
  • Компаниудын ашигт ажиллагаа буурах: Жилийн борлуулалтын төлөвлөгөө тасалдан, үйл ажиллагааны орлого буурч, улмаар ногдол ашиг хуваарилах боломж хумигдана.

Ийнхүү улсын стратегийн гол салбарын экспорт гацаад хоёр долоо хоног өнгөрч буй ч БНХАУ-ын тал ямар шалтгаанаар тээврийн хэрэгслийг хүлээн авахгүй байгаа, үүссэн нөхцөл байдалд төрийн зүгээс ямар зохицуулалт хийж байгаа талаар холбогдох байгууллагууд өдийг хүртэл тодорхой тайлбар өгөөгүй байна.