Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 2026 онд нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн шинэчлэл батлагджээ.

Төрийн нийтлэг болон мэргэжлийн үйлчилгээний салбарын албан хаагчдын цалин хөлсийг шат дараатайгаар нэмэгдүүлж, хөдөлмөр бодит үнэлэмжийг дээшлүүлэх арга хэмжээнүүд хэрэгжиж байна. 

Салбар тус бүрийн цалингийн өсөлтийн тойм

  • Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид (ТҮ-1 доод шатлалаас ТҮ-10 хүртэл):

    • ТҮ-1 зэрэглэлд хамаарах жижүүр, манаач, сахиул, харуул, зөөгч, түгээгч, үйлчлэгч нарын цалин 2025 онд 954,000 төгрөг байсан бол 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1,431,000 төгрөг болж, 477,000 төгрөгөөр нэмэгдэхээр байна.

    • Харин ТҮ-10 зэрэглэлийн нэгжийн дарга, менежерүүдийн цалин 1,636,000 төгрөгөөс 2,454,000 төгрөг болж өсөх юм.

  • Эрүүл мэндийн төрийн үйлчилгээний албан хаагчид (ТҮЭМ):

    • Шил угаагч (ТҮЭМ-1) 1,516,000 төгрөгөөс 1,749,000 төгрөг.

    • Эрчимт эмчилгээ, мэс заслын их эмч (ТҮЭМ-7) 2,128,000 төгрөгөөс 2,456,000 төгрөг болон тус тус нэмэгдэнэ.

  • Шинжлэх ухааны салбарын албан хаагчид (ТҮШУ):

    • Туслах ажилтан (ТҮШУ-1) 1,475,000 төгрөгөөс 1,925,000 төгрөг.

    • Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга (ТҮШУ-4) 1,883,000 төгрөгөөс 2,456,000 төгрөг болж өсөхөөр тусгагджээ.

  • Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбар (ТҮСБ):

    • Туслах ажилтан (ТҮСБ-1) 1,166,000 төгрөгөөс 1,749,000 төгрөг.

    • Захирал, ерөнхий найруулагч, ерөнхий удирдаач (ТҮСБ-7) 1,805,000 төгрөгөөс 2,708,000 төгрөг болж нэмэгдэх юм.

Орон нутгийн болон бусад нэмэгдэл

Үндсэн цалингийн өсөлтөөс гадна албан хаагчдын ажиллаж буй байршил буюу Улаанбаатар хот болон аймаг, сумаас шалтгаалан нэмэгдэл хөлс тооцогдох бөгөөд бодит гар дээр ирэх цалин хөлс дараах байдлаар өөрчлөгдөж байна:

  • Их эмч (ТҮЭМ-5): Үндсэн цалин 2,226,000 төгрөг.

    • Улаанбаатарт: Нийт 2,893,800 төгрөг (Бусад нэмэгдэл 30%-иар тооцсон).

    • Аймагт (20%-ийн нэмэгдэлтэй): Нийт 3,339,000 төгрөг.

    • Сумд (40%-ийн нэмэгдэлтэй): Нийт 3,784,200 төгрөг.

  • Жолооч, цахилгаанчин, слесарь (ТҮ-3): Үндсэн цалин 1,578,000 төгрөг.

    • Улаанбаатарт: Нийт 2,051,400 төгрөг.

    • Аймагт: Нийт 2,367,000 төгрөг.

    • Сумд: Нийт 2,682,600 төгрөг болж тус тус олгогдохоор тооцогджээ.

Энэхүү цалингийн болон орон нутгийн нэмэгдлүүд нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад бодит түлхэц үзүүлэх чухал шийдвэр болж байна.