Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн амралтын газарт амарч байсан иргэдийг айлган сүрдүүлж, хутгалан гар утсыг нь дээрэмдсэн ноцтой хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж байна.
Энэ оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 02:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт "Үл таних залуус бусдыг хутгалж, гар утсыг нь дээрэмдлээ" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Шалгатын явцад, 20 настай эрэгтэй М гэгч нь бусадтай бүлэглэн, тухайн амралтын газарт согтууруулах ундаа хэрэглэн амарч байсан иргэдийг зодож, хутгаар айлган сүрдүүлсэн байна. Улмаар хоёр иргэний мөр, хөл, гуя хэсэгт хутгалж биед нь халдсаныхаа дараа гар утсыг нь дээрэмдэн хэргийн газраас зугтжээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулсны дүнд хэрэгт холбогдох этгээдүүдийг замаас нь саатуулж, илрүүлсэн байна. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Уранцэцэг иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ:
-
Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь хүний өөрийгөө хянах чадварыг сулруулж, гэмт хэрэг, зөрчилд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
-
Амралт, зугаалгаар явахдаа байрлаж буй өрөө байр, гэрийнхээ аюулгүй байдлыг сайтар хангаж, хувийн эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх.
-
Ямар нэгэн эрсдэлтэй болон аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд цагдаагийн байгууллагын тусгай дугаарт даруй мэдэгдэхийг анхааруулж байна.





