• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Д.Цэрэнжав: 24 мега төсөл Улаанбаатарыг аврахгүй, сайн засаглал л аварна

Д.Цэрэнжав: 24 мега төсөл Улаанбаатарыг аврахгүй, сайн засаглал л аварна

Улаанбаатар хотын хот төлөвлөлт, газар олголт, барилгажилтын асуудал онц байдал зарлах хэмжээнд хүрсэн бөгөөд үүнийг мега төслөөр бус сайн засаглалаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа нийтлэлч Д.Цэрэнжав илэрхийллээ.

 

    Тэрээр "Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа нээлттэй, иргэдийн оролцоотойгоор хэлэлцэж чаддаггүйгээс олон жилийн турш хуримтлагдсан асуудлууд өнөөдөр Туул, Сэлбэ голын орчимд илэрч, энэ сэдвээр ярилцахад хүргэж байна. Шууд хэлэхэд, Улаанбаатар хотын хот төлөвлөлт, газар олголт, барилгажилтын асуудал онц байдал зарлах хэмжээнд хүрч, нөхцөл байдал хэт даамжирсан гэж үзэж байна. Үүнийг нотлох хэд хэдэн үндэслэл бий. Улаанбаатар хот нь XX зуунд төлөвлөгөөний дагуу байгуулагдаж, 30 жилийн хэрэгцээг хангахуйц дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэр, өргөн гудамж талбай бүхий хот байсан. Өнөөдөр яригдаж буй “20 минутын хот” гэх үзэл баримтлал шинэ зүйл биш. Харин 1, 3, 4 дүгээр хороолол, Сансар зэрэг нь тухайн үедээ 5–10 минутын хотын жишээ болж байсан юм. Гэвч сүүлийн 20–30 жилийн хугацаанд бид эдгээр төлөвлөгдсөн орон зайг аажмаар ашиглаж, улмаар хэт төвлөрүүлэн барилгажилтад өртүүлжээ. Иргэд, оршин суугчид, хүүхдүүд, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн зориулалттай газруудыг үе шаттайгаар хумьж ирсний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хот хэт шигүү, чигжсэн хот болсон байна.

Хамгийн харамсалтай нь энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилсээр байна. Сэлбэ голын орчимд томоохон орон сууцны хороолол баригдаж, Туул голын сав газарт халдаж байгаа талаар шүүмжлэл гарсаар байна. Мөн Богд уулын ам, бэл орчмын барилгажилт ч анхаарал татаж байна. Үүнээс гадна XX зууны үед бүрэлдэн тогтсон Улаанбаатар хотын түүхэн төв болох Бага тойруу орчим өдөр бүр дахин төлөвлөлтийн нэрээр системтэйгээр өөрчлөгдөж, анхны төрхөө алдаж байна. Иймээс Улаанбаатар хот засаглал, хот төлөвлөлтийн хувьд мухардалд орсон гэж дүгнэж болохоор байна. Нэг талаас түгжрэлийг бууруулах нэрийн дор олон тэрбум төгрөгийн өртөг бүхий мега төслүүд хэрэгжүүлж байгаа ч нөгөө талаас хотын төв хэсэгт 16, 20, 24, бүр 50 хүртэл давхар барилгын зөвшөөрөл олгосоор байгаа нь асуудлыг шийдвэрлэх бус улам хүндрүүлэх эрсдэлтэй юм. Хотын удирдлагууд эдгээр төслүүдийг түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа ч Улаанбаатар хотыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд заавал 24 мега төсөл хэрэгжүүлэх шаардлагатай эсэх талаар эргэн харах хэрэгтэй байна. Барилгажилт, орон сууцжуулалд тодорхой хэмжээнд зөв боловч хотын өнгө төрх, орон зайн зохион байгуулалтыг бүхэлд нь өөрчилж болохгүй.

Олон хүнийг орон сууцжуулсны дараа тэдэнд дахин зуслангийн газар хэрэгтэй болдог. Ингэснээр зуслангийн бүсүүд ч мөн гэр хороолол болон тэлэх хандлагатай байна. Энэ бүхнийг заавал том хэмжээний төслөөр бус, зөв зохион байгуулалт, оновчтой бодлого, сахилга хариуцлага, үр ашигтай шийдлээр зохицуулах боломж байсан ч түүнийг хангалттай ашиглахгүй байна.Тиймээс Улаанбаатар хотод хамгийн хэрэгтэй, хамгийн ирээдүйтэй мега төсөл нь шинэ барилга, шинэ дэд бүтэц бус, харин сайн засаглалыг бий болгох явдал юм." хэмээн УИХ-ын Төсвийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсголын үеээр хэллээ.