ОЙН ТҮЙМЭР 77.1 ХУВИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-2, Баянгол, Алтанбулаг суманд гарсан 4 түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө, Хүдэр суманд гарсан 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 372 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 73 хүн, 10 автомашин буюу нийт 445 хүн, 41 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.02/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 149 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 77.1 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өссөн байна.
Дээрх түймрийн улмаас урьдчилссан байдлаар 663.317 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл% 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.