Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) болон 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан байна. Тодруулбал:
-
Ажилд хууль бусаар томилогдсон болон дураараа аашилсан гэх үйлдэл: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн албаны эрх нөлөөг ашиглаж, эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэргүйгээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хууль бусаар хүлээн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон. Мөн өөрт олгогдоогүй бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэн ажилтнуудыг чөлөөлөх, томилох, ээлжийн амралт болон мөнгөн шагнал олгох, компанииг төлөөлөх, гэрээ байгуулах зэрэг шийдвэрийг дураараа гаргасан.
-
Хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон гэх үйлдэл: Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд их хэмжээний ашиг олох нөхцлийг бүрдүүлсэн.
-
Худалдан авалт болон хохирлын тухайд: Сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 210.0 сая төгрөгийн өртөгтэй худалдан авах гэрээг шууд байгуулж бусдад давуу байдал бий болгосон бөгөөд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд хууль бусаар 42.6 сая төгрөг шилжүүлэн төрийн өмчид хохирол учруулсан гэж үзжээ.





