Ерөнхий сайд Г.Занданшатар болон түүний Засгийн газар өнөөдөр огцров. ТББХ-ны Огцрохыг “дэмжихгүй” гэсэн саналын томъёоллыг “дэмжихгүй” гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, Засгийн газрыг огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү Ардчилсан Сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага сонгодог болсноос хойш бүрэлдсэн Засгийн газраас хойш хамгийн богино настай Засгийн газар Г.Занданшатарынх боллоо.
Тэд Засгийн Газрын 100 хоногоо хийгээд удаагүй. Харин өнөөдөр 122 дахь өдрөө УИХ-ын Чуулганы Нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг огцруулах санал дэмжигдэн ийнхүү огцорлоо.
Түүхийг эргэн харвал хамгийн богино настай Засгийн газар 174 өдөр буюу Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийнх байжээ. Дараа нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар 230 өдөр, Ж.Наранцацралтийн Засгийн газар 225 өдөр, Ж.Эрдэнэбатын Засгийн Газар 426 өдөр болоод огцорч байжээ.
Өнөөдрийн тус шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Үндсэн хууль зөрчиж, хууль бусаар Ерөнхий сайдыг огцрууллаа. Алх, индэр, микрофоноо ашиглаж Үндсэн хууль зөрчиж, хууль бус аргаар санал хураалт явууллаа” гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэрт үг хэлэхдээ “Яг дөрөвхөн сарын өмнө 92 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар итгэл хүлээлгэн дэмжиж байсан. Өнөөдрөөс 125 хоногийн өмнө төрийн чадамж суларч, төрдөө итгэх иргэдийн итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж, 2,6 хувь болж гадаад валютын нөөц огцом буурч, нэг ам.долларыг 4 мянган төгрөгөөр худалдаж авах, үнийн өсөлт 15 хувийг давах, төсвийн орлого 3.3 их наядаар төсрөх гадаад дотоод бодит эрсдэлтэй бид нүүр тулсан.
Ард түмний эзэмшлийн компанид асар их хулгай нүүрлэсэн байсан. Манай Засгийн газар тамга дарж нуусан бүхнийг илчилсэн. Ард түмний хяналтад оруулах алхмыг хийж байна. Албан тушаалтнаас ард түмний хяналт илүү бодитой" гэлээ. Тэрээр үг хэлснийхээ дараа ийнхүү огцорлоо.
Гэвч тус шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-аас баталсан хууль, шийдвэрт бүхэлд нь бас хэсэгчлэн хориг тавих эрх нь бий. Хэрвээ тэрээр уг шийдвэрт хориг тавьбал УИХ дахин хэлэлцэнэ. Хоригийг нь нийт гишүүдийн 3/2 дэмжихгүй бол хуучин шийдвэр хэвээр үлдэнэ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн Хуулийн цэцэд хандсан. Тус хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шалгаж байгаа аж.